Хувийн эрх ашгаа шингээхийг хүссэн Элбэгдорж тэргүүтэй бүлэглэлүүд том төслүүдийг 16-27 жилээр гацаагаагүй байсан бол Монгол улсад үйлдвэр олноороо, өндөр цалинтай ажлын байрууд хэдэн мянгаараа бий болох бүрэн боломж байсан. Гэвч бүх боломжийг 1998 оноос үүдэлтэй системийн авилгыг хөгжүүлэгч бүлэглэлүүд үгүй хийсэн. Харин цаашид?
14 мега төсөл нь сүүлийн 30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх ач холбогдолтой.
Тухайлбал, 14 мега төслийн эхний гуравт эрэмбэлэгдсэн “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Орано Майнинг САС” компанитай байгуулах гэрээний төслийг УИХ-аас зөвшилцөж, улмаар соёрхон баталснаар гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох юм.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж, улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум төгрөг, төслийн нийт хугацаанд хоёр их наяд төгрөгийг төвлөрүүлж, шинэ технологи нутагшиж, 1600 ажлын байр бий болно.
Тухайн үйлдвэрт Монгол хүнийг ажилд авах, тухайн сум, орон нутгийн иргэдийг ажилд авах нөхцөлийг бүрдүүлж хөрөнгө оруулалтын гэрээнд тодорхой тусгаж өгсөн бөгөөд 1600 ажилтны 17 нь гадаад ажилтан байх, гадаад, Монгол ажилчид цалингийн зөрүүгүй, дундаж цалин 7-12 сая төгрөг байхаар ярилцаж байна.
Уран гэхээр утга учиргүй эсэргүүцэж, мэдээлэл багатай хүмүүсийн тархийг угаасаар ирсэн нөхөд байдаг. Олон нийтийн дунд ч , “тэр ураны төсөл дээр чинь ажиллаж хордож үхэхгүй ээ” гэж ярих хүн зөндөө байх нь ойлгомжтой.
Одоо асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, юм уншиж харж судалж үзэж байж сошиал дээр олон юм ярьдаг болмоор байнаа. Ураны хайгуул, олборлолтын талаар олныг мунхруулж, хөгжлийг зогсоож байсан хүмүүсийн үлгэрт итгээд баймааргүй байна.
Дэлхий дээрх нийт ураны 60 гаруй хувийг газар доор уусгах технологиор олборлож байна. Дэлхийн улс орнуудын хувьд туршигдсан, батлагдсан, нотлогдсон энэхүү аргаар манай улс олборлолт хийж байгаа.
Газар дор уусган баяжуулах арга нь эдийн засгийн хувьд үр ашигтай, байгаль орчинд ээлтэй бөгөөд дэлхийн олон оронд зэс, лити, кали зэрэг эрдсийг олборлох зорилгоор ашигладаг арга юм. Түүнчлэн хүн, малын ундны усыг хэрэглэхгүй, уурхайлан малтахгүй, хүнд машин механизм шаардлагагүй, газрын гүн дэх эрдэст усыг маш бага хэмжээгээр ашигладгаараа давуу талтай.
Манай улсын хувьд 200 орчим мянган тонн ураны тогтоогдсон нөөцтэй. Үүний 100 орчим мянган тонн нь төсөл хэрэгжих Зөөвч-Овоо, Дулаан-Уул орчимд байгаа юм. Энэ нөөцөө хэрэглэх цагтаа хэрэглээд явах хэрэгтэй, хөгжих ёстой, байгаа байрандаа байгаад баймааргүй байна. Цаашид атомын цахилгаан станцын талаар ярих хэрэгтэй байна.
Манай улсыг ураны төсөл ярьж эхэлж байхад яг зэрэг гараанаас гарсан Казахстан улс өнөөдөр хөгжлөөрөө бүр хол тасарсан. Казахстан улс өнөөдөр дэлхийн ураны зах зээлийн 40 гаруй хувийг дангаараа нийлүүлж чаддаг боллоо. Зөвхөн ураны төсөл дээр л ингээд бодохоор ямар их хөгжил, цаг хугацааг системийн авилгад идүүлснийг ойлгох биз ээ?
Энэ удаа зөвхөн ураны төслийн ач холбогдлын талаар, тус төсөл дээр хэчнээн ажлын байр бий болох, ямар хэмжээний цалинтай байх талаар дурдлаа. Эдийн засгийг тэлэх 14 мега төслүүд бүгд өндөр цалинтай олон ажлын байр бий болгоно. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нь эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна геополитикийн, аюулгүй байдалтай холбоотой том төсөл. Мөн л олон ажлын байрыг бий болгох юм.