Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгууллаа.
Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны улс орнуудын тайланг хэлэлцдэг загвараар зохион байгуулсан уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн гишүүд, ГБХНХЯ, ХБХХЕГ-ын төлөөлөл оролцсон юм.
Зөвлөлийн гишүүдийн асуултад Боловсролын яам, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон яамны бүх газар, хэлтэс, харьяа байгууллагын нэгжийн удирдлагууд хариулт өгсөн.
Сонсголын үеэр танилцуулсан зөвлөмж, хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн цаашид тухайн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж, албан даалгаврыг боловсруулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хурлаар батлуулан хэрэгжилтийг хангах юм.
Яамдын онцлог ажлаас дурдвал:
-Боловсролын яам сургууль цэцэрлэгийн барилгын жишиг зурагтай болж, салбарын шинээр ашиглалтад орж байгаа барилга, байгууламжийг бүх хүнд хүртээмжтэй төлөвлөдөг болсон.
-Сангийн яам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шинэ зардлын ангилал үүсгэж, 2025 онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам , Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны төсөвт 2,5 тэрбум төгрөг тусгасан байна.
-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй хүний квотыг 5 хувиас 10 хувь болгохоор ажиллаж байна.