Эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс үймж эхлэх нь.. Том төслүүд эхлэх шатандаа орохоор, бүлэглэлүүд хуулийн өмнө очих болохоор сандарч жагсаал цуглаанаа хийх шинжтэй…“Том төслүүд хөдлөх дөхөхөөр эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс үймдэг” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр нөгөөдүүл сандарч, гар хөлөө хөдөлгөж эхэлж байна.
Тэд олон жил, бүр 30 жилийн туршид Монголын хөгжлийг гацааж, том том төслүүдийг нураасан, ингэхдээ эх орончийн дүр эсгэсэн нөхдүүдийг жагсааж, тэдэндээ тэмцэгч нэрийг хайрлаж, ямар ч логикгүй асуудал яриулан, түүнийг нь сэвдэг үүрэг бүхий нөхдийг хүртэл бий болгон тэжээсэн.
Эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл, үүнээс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц нь хөгжлийн мега төслүүд гацсан гол шалтгаан байв. Нөгөө нэг шалтаан нь олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл байсан. Ийм нөлөөллүүдийг тухайн үеийнх нь Их Хурал, Засгийн газар нь дааж чадахгүй явж ирсэн нь хөгжлийн садаа болж байв. Бүлэглэлүүд тухайн үедээ Засгийн газрын тэргүүн, гишүүд, төслүүдийн ажлын хэсгийнхэнд заналхийлж байсан баримт ч бий.
Элбэгдоржийн, Женкогийн зэрэг эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн бүлэглэлүүд нь Монголын хөгжлийг хэдэн арван жилээр гацаасан, нураасан. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл. Өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байдаг.
Дүгнэхэд, хоёр улсын Засгийн газрын хооронд хийгдэх хэлэлцээрт гуравдагч этгээдийг оруулах, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, хувь эзэмших, Тавантолгойн орд болон төмөр замын эзэмшил 49:17:17:17 байх зэрэг асуудлыг оруулснаас шалтгаалж, улс төрийн үндсэн гацалт үүссэн байдаг.
Мөн төмөр зам тавигдах нь жижиглэнгээр нүүрсний худалдаа хийдэг зарим компани, Тавантолгойн өрсөлдөгч аж ахуйн нэгжүүдийн эрх ашигт нөлөөлнө гэж үзэн, улс төрчид болон олон нийтийн нөлөөлөгчдөд эдийн засгийн хувьд нөлөөлсөөр иржээ.
Өөрөөр хэлбэл, энэ төсөл 2009 оноос яригдаж тухайн үеийн Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдаж, улмаар хоёр улсын тэргүүн гарын үсэг зурж баталгаажуулаад явж байсан. Гэтэл Женко тэргүүтнүүд Хятадад газар нутгаа хэдэн зуун жилээр алдах гээд байна, Хятадууд бөөнөөрөө ороод ирнэ гэхчлэн ямар ч утгагүй зүйл ярьж, төмөр замын царигийг өөрчлөн маш их хөрөнгө, цаг хугацаа, хөгжлөөр хохироосон нь туйлын үнэн.
Хэрвээ Монголын тал 2015-2023 оны хооронд уг төмөр замаар нүүрс экспортолсон бол 232 сая тонн буюу 63.8 их наяд төгрөг олох байсан. Энэ нь улс оронд хэрэгтэй том том бүтээн байгуулалт, цахилгаан станц барих мөнгө. Энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг өнөөдөр ярихгүй байсан.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох юм.
Бүлэглэлүүд “Ураны хайгуул хийснээс шалтгаалж малаас олон толгойтой төл гарч байна” гэхчлэн цууг тарааж хэвлэлүүдээрээ сэвүүлдэг байв. Хайгуулын шатанд нь л ийм болж эхэлж байсан юм бол олборлолтын шатанд бүр хэцүүдсэн баймаар. Манай улс 10 орчим тонн байгалийн ураныг газрын гүнээс уусган баяжуулах аргаар олборлоод байна. Далд болон уусган баяжуулах технологи нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм.
Ураны олборлолт, боловсруулалт нь цаашид Монголд атомын цахилгаан станц байгуулах эхлэл тавих бөгөөд энэ нь эрчим хүчний аюулгүй байдлыг хангах урт хугацааны стратеги ч байж болно. Асуудалд шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Мэдээж, аливаа зүйл давуу болон сул талтай. Үүнийг судалж, шийдэх арга замаа олсон байх хэрэгтэй.
Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг хэчнээн олон жил гацаав? Цээжээ дэлдсэн, мөнгөөр угжуулсан эх орончид гарч ирэн төрөөс зарцуулсан олон тэрбум төгрөгийг үргүй зардал болгож байлаа. Тэднээс болж Монгол улс хөгжлөөрөө, хөрөнгөөрөө олон жил хохирсон.
Үе үеийн бүлэглэлүүдийн бий болгосон хэт төвлөрөл, агаарын бохирдол, ядуурал гэх зэрэгтэй нүүр тулан, лай ланчигийг нь үүрч, тэдний гацаасан том том төслүүдийг хөдөлгөж чадаж байгаа өнөөгийн Засгийг харлуулж, ямар ч логикгүй юм ярьж, лайв хийж орилж явахаар эх орондоо хайртай юм бол олныг уриалаад бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах хэрэгтэй баймаар..
Тэд хулгайлаагүй бол, луйвардаагүй бол, авлигад идэгдээгүй бол, гадны гар хөл болоогүй бол, өнгөтэй өөдтэйг хувьчлал нэрээр хуу хамаагүй бол, улсаа гэсэн сэтгэлээр хандаж метро, станц, хурдны замаа барьсан бол өнөөдөр бид утаа униар дунд амьдрахгүй байсан, түгжрэлд хамаг цагаа үрэхгүй байсан, тогны хязгаарлалт хийгдэхгүй байсан юм шүү…
Олон жил гацаад байсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрч чадаж байгаа цаашид гацаанд орохгүй байх гол суурь юм.
Хуучин цаг шигээ цуглаж жагссанаараа Их хурлын гишүүдийг айлгаж, хуулийг батлуулахгүй байх санаатай шиг. Шинэ парламент асуудалд шинжлэх ухаанчаар хандаж хуулиудаа батлах биз ээ.Учир нь өмнө нь парламентад бизнес, нам, улс төр л ярьдаг, шинжлэх ухаанч биш хүмүүс голдуу суудаг байсан бол энэ Их Хурал эрдэмтэд, салбар бүрийн шилдэг төлөөллийг илүүтэй багтаасан юм.