Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харъяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК-ийн бөх, Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Нутгийн Буян” групп, Барилга инженерийн цэргийн удирдах газар, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Бямба-Отгон, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем Интернэйшнл” ХХК, ХЦ-0208 анги, “Даян” дэвжээний бөх, улсын заан М.Лхагвагэрэл нар шалгарлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын начин Э.Батмагнайд гардуулж, баяр хүргэлээ. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардуулсан юм.