
Прокурорын байгууллага 2025 оны 04 дүгээр сарын 07-ноос 11-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50610, мөрдөн байцаалтын 3016 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 246 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 97, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 55, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлигын гэмт хэрэг 4, Эдийн засгийн эсрэг 2, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэрэг байна.
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс тодруулбал:
– Насанд хүрээгүй хохирогчийг бусадтай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа гэж хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлэн бусдад худалдсан Ц.М, Б.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
12.5 дугаар зүйл.Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох
1.Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.