
“Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин өнөөдөр /2025.04.08/ Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр: “ Миний аав доктор, профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Дүгэржав гэж хүн байсан.
Аав маань “Төгрөг нуур энержи” ХХК-ийг 2005 онд маань байгуулсан. “Утаагүй түлшний үйлдвэр”-ийг “Төгрөг нуурын орд”-д байгуулж, энэ ордын гүйцэтгэх захирлаар ажилласан, 20 хувийн хувьцаа эзэмшигч байлаа.
Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2009 онд энэ ордыг худалдсан. Ингэхдээ бидний 20 хувийг зөвшөөрөлгүйгээр авч, цааш шилжүүлсэн. Бид шүүхэд хандсан ч нэмэр болоогүй.
Биднийг Төгрөг нуурын ордыг 1,3 сая доллараар зарсан гэж сүүлийн үед ярьж, над руу утасдах мессеж бичих зэрэг дарамтууд ирж байна. Энэ асуудалд эмзэглэж байгаа тул иргэн хүнийхээ хувьд өөрт байгаа материалыг АТГ-т өгөх нь зөв юм байна гэж бодлоо” гэсэн юм.
Манай сайт хэд хоногийн өмнө Төгрөг нуурын ордыг тойрсон асуудлаар нийтлэл бичихдээ “Төгрөг нуурын энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Л.Дүгэржав тэргүүтэй эрдэмтэд 2007 онд Төгрөг нуурын хүрэн нүүрсний ордод түшиглэн, утаагүй түлшний үйлдвэрийг Хонхорт байгуулах санаачлага гарган, төслөө бичиж батлуулсны дагуу улсын төсөвт 17 тэрбум төгрөг суулгаж байсан, улмаар ОХУ-ын “Сибтермо” компаниас утаагүй түлшний технологийг үйлдвэрийн тоног төхөөрөмжтэй нь худалдан авсан байсан, 2008 оноос эхлэн жилд 100-гаад мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэн, хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байсан ч тухайн үеийн нэр бүхий албан тушаалтнууд саад болсон талаар дурдсан.
Мөн “Төгрөг нуурын энержи” компани нь хэдэн жилийн дараа ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл эзэмшдэг, Боожоогийн Норовсамбуу гэх нэг эзэмшигчтэй, “CAMEX” компанид харъяаллагддаг гэсэн бүртгэлтэй болсон байсан, энэ компани нь 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга үүсгэн байгуулж, УБЕГ-т бүртгүүлэн, гүйцэтгэх захирлаар нь Я.Батсүх гэдэг хүнийг томилсон байсан талаар ч дурдсан билээ.

Өнөөдөр мэдээлэл хийсэн иргэний аав Л.Дүгэржав нь 1982-1986 онуудад Таван толгой, Цайдам нуур, Төгрөг нуурын нүүрсний, Өргөний жоншны ордын хайгуулд инженер-технологичоор ажилласан.
1986-1992 онуудад ШУТИС (тэр үеийн Политехникийн дээд сургууль)-д багшилсан.
1991 оноосШУТИС-д Газрын тосны инженерийн салбарыг нөхдийн хамтаар нээсэн.
1992-1996 онуудад Газрын тосны газрын ерөнхий инженерээр ажиллаж, Дорнодын 19-р талбайн анхны цооногуудыг өрөмдүүлэх ажлыг зохион байгуулсан.
1996-2000 онуудад Монгол улсын засгийн газрын Геологи, уул уурхайн салбарын бодлого, зохицуулалтын асуудлыг хариуцан ажилласан.
2004-2008 онуудад Төгрөг нуурын нүүрсний ордын хайгуул олборлолт, ашиглалт, боловсруулалт дээр ажиллаж, Монгол улсад хүрэн нүүрсийг иж бүрэн боловсруулах технологийн үндсийг үйлдвэрлэл, туршилт-судалгааны шатанд боловсруулж, нэвтрүүлсэн.
2005 онд “Монголын Антарктидын нийгэмлэг” ТББ нөхдийн хамт байгуулсан.
2008 оноос ШУТИС-ийн Газрын тосны салбарт профессороор ажиллахын зэрэгцээ Болгарын Антарктид судлалын олон улсын 17, 19, 20, 21, 27, 28 дугаар экспедицийн бүрэлдэхүүнд 6 удаа оролцсон.
2013 оны 01 дүгээр сарын 08-нд Олон улсын судлаачдын хамтаар Өмнөд туйлын “00” цэг буюу S90 хөл тавьж Монгол улсын төрийн далбааг мандуулсан анхны Монгол хүн юм.

2013 онд Антарктид тив дэх нэгэн нэргүй оргилыг “Дүгэржавын оргил” (Dugerjav peak) хэмээн нэрлэж 2013оны 02 дугаар сарын 27-нд батламжийг гардуулсан.
2013 – 2017 онуудад Монгол улсаас Бүгд Найрамдах Болгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажилласан.
2017 онд Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүнд ” Онц бөгөөд бүрэн эрхт дипломат дээд элчин цол” олгосон.
2017 оны 9-р сараас үргэлжлүүлэн ШУТИС-ийн ГУУС-д профессор багш, Антарктид судлалын төвийн захирлаар ажилласан нэгэн байв.