
Прокурорын байгууллага 2025 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50641, мөрдөн байцаалтын 3231 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 113, Өмчлөх эрхийн эсрэг 80, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, Авлига, албан тушаалын 9, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Соёлын өвийн эсрэг 1 хэрэг байна.
Тухайлбал, хүрэл тогоо, бүс, чулуун эдлэл, сумны зэв зэрэг 28 төрлийн 135 ширхэг түүх соёлын биет өвийг завшсан С.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 1 /Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах/, 25.3 дүгээр зүйлийн 1 /Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
25.1 дүгээр зүйл.Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах
1.Түүх, соёлын дурсгалт зүйлийг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
25.3 дугаар зүйл.Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх
1.Соёлын биет өвийг завшсан, үрэгдүүлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.