
“Best buidan” компанийн санаачлан зохион байгуулсан чансаа өндөр 64 бөхийн “Best buzzer” барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-013-р анги, “Хатант интернэйшнл” ХХК, “Тэнүүн Өлзий” ХХК, “QPay” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эм Си Эс” групп, Богд Банк, “Хос Хаш Оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК-ийн бөх, улсын начин Энхтүвшингийн Батмагнай үзүүрлэлээ.

Дөрөвт Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, ХЦ-0208-р анги, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-014-р анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Юү Эл И” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д Алтанцоож нар шалгарлаа.

Наймд улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 20 сая, үзүүр бөх 10 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 5 сая төгрөгийн бай шагнал гардлаа.
Мөн нэгийн давааны уран барилдааны шагнал 1 сая төгрөгийг аймгийн начин Б.Гончигсүрэн, улсын начин Х.Оргилболд, хоёрын давааны уран барилдааны шагналыг улсын начин Б.Лхагвадорж, гурвын давааны шагналыг улсын харцага Б.Зоригтбаатар нарт гардуулсан бол 5 азтай үзэгч гангар шаазан, 1 сая төгрөг, камен зуух, ухаалаг буйдан, “Тоёота Сай” автомашины эзэн болсон юм.
Ам авахгүй, оноолтгүйгээр хүрд эргүүлж учраа бөхөө сонгох онцлогтой энэхүү барилдаанд Улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Бямба-Отгон, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Д.Анар, улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Б.Серик, улсын заан Д.Хүдэрбулга, улсын заан С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй чансаа өндөр 64 бөх оролцон уран мэхийг уралдууллаа.