Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал (COP16)-д оролцож, үг хэллээ.
Энэ удаагийн COP 16 “Our land- Our future” уриан дор зохион байгуулагдаж байна.
2026 онд болох 17 дугаар бага хурлыг Монгол Улс даргалан зохион байгуулах тул Ерөнхий сайд ийнхүү (COP16)-д өндөр ач холбогдол өгч оролцож байгаа юм.
Ган цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтад Монгол Улс хувь нэмрээ оруулан, оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллах байр суурьтай байгаагаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл”-ийг байгуулах санаачилгыг дэвшүүлж байгаа юм.