
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ долоо хоногийн пүрэв гарагт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр болжээ.
Д.Янжинхорлоог бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдэж, үл хөдлөх хөрөнгийн улсын байцаагч Г.Өлзийбаяр, Г.Ичинхорлоо нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тэднийг бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгасан байна.
Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн цагдаагийн байгууллага удаан хугацаанд шалгажээ.
Д.Янжинхорлоо нь 2021 онд хэвлэлд: “Булаацалдаад байгаа барилгын зураг төсөл, барьсан хөрөнгө миний нөхрийнх. Барилга нийт 6 гэрчилгээтэй бидэнд 2 гэрчилгээ хуулийн дагуу өвлөгдсөн. 6-р давхар нь манай 14 жил амьдарсан гэр нөгөө гэрчилгээ нь нөхөр бид хоёрын ажлын өрөө юм. 4 гэрчилгээ нь нөхрийн хоёр дүүгийн нэр дээр байдаг. Хэвлэлээр бичээд байгаа шиг бүхэлдээ Д.Янжинхорлоо 1-6 давхар барилгыг өөрийн болгосон хулгайч луйварчин гэж гүтгэж худал мэдээлэл тараадаг. Бусад хөрөнгөө манай хүн нэр шилжүүлж цэгцэлж амжилгүй нас барсан.” хэмээн ярьсан байдаг юм.
П.Янжинхорлоо нарыг Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
1.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл.Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах
1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.