
Өчигдөр буюу /2025.03.11/-ны өдөр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, БХЯ, БОУАӨЯ, ЭМЯ, ХХААХҮЯ, НЭМҮТ, Мал эмнэлгийн ерөнхий газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, СЭМҮТ, ХХЕГ, ЦЕГ зэрэг байгууллагын төлөөллүүдээс бүрдсэн Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Онцгой комисст ажиллалаа.

Аймгийн онцгой комиссын хуралдаанаар гал түймэрт өртсөн айл өрхөд үзүүлэх тусламжийг цаг алдалгүй хүргэх , гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, эрсдэл бүхий нутагт байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах зэрэг арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө.
Хэнтий аймагт он гарсаар Баян-Овоо, Батширээт, Дадал сумдад 3 удаагийн түймэр гарч, 30.800 га талбай өртсөн бөгөөд хохиролын хэмжээ эцэслэн гараагүй байна.

Шуурхай ажлын хэсэг түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, гэр олгож орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлж, сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх, амьжиргааг дэмжиж мал сүргээ түймэрт алдсан айл өрхийг малжуулах хөтөлбөрт хамруулах зорилготой ажиллаж байна.