
Сүүлийн жилүүдэд манай улсад цахим мөрийтэй тоглоом газар авч 1XBet-ийг тойрсон сүлжээний схем аль хэдийн бий болж, бүр үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн байна.
Цахим мөрийтэй тоглоомын улмаас олон гэр бүл босгосон амьдралаа үрэн таран хийж ханилсан хань, хайртай бүхнээ зовлонд унагаж байгаа нь харамсалтай. Жил бүр ОХУ-руу 500 сая ам долларыг цахим мөрийд алдаж байна.
Тийм учраас Ерөнхий сайдын захирамжаар эрх бүхий байгууллагуудын төлөөллийг оруулан ажлын хэсэг байгуулсан бөгөөд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэллээ.
1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй домайныг Харилцаа холбооны зрхицуулах хорооноос хааж, 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээжээ.
Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авахын зэрэгцээ ойрын хугацаанд “Зөвшөөрлийн тухай хууль”-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна.