
Нүүдлийн ахуй, соёлын өвийг олон нийт, ялангуяа хүүхэд, залууст танин мэдүүлэх, өвлийн аялал жуулчлалын брэнд арга хэмжээг хөгжүүлэх зорилгоор “Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-2025” арга хэмжээг 2025 оны 02-р сарын 16-22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, улирлын хамаарлыг бууруулах, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль”-ийг зохион байгуулж байгаа юм.
Соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн улиралд хамаарах зан үйлийг сурталчлан таниулах, мазаалай баавгайг хамгаалах зорилготой өвлийн цас мөсний наадамтай хамтатган зохион байгуулж байгаагаараа энэхүү фестиваль онцлогтой аж.
Иргэдийг фестивальд ая тухтай оролцох боломжийг хангах үүднээс өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулах бөгөөд мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морь болон нохой чарга зэрэг өвлийн спортын арга хэмжээнд биечлэн оролцох боломжтой.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Монголчуудын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа зохион байгуулагдах юм.





