
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 25 тамирчин оролцож байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (30.64 оноо), дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (26.32 оноо) нар өрсөлдлөө.
Богино үзүүлбэрийн дараах байдлаар ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын хүрэл медальт Каори Сакамото (75.03 оноо), ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (71.88 оноо) нар тэргүүлж байгаа бол Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ 16, О.Мишээл 19 дүгээр байрт бичигдэж байна. Чөлөөт үзүүлбэрийн дүн гарснаар медалийн эзэд тодорно.
Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцож байгаа бол О.Мишээл анхны Азийн наадамд оролцож байна.
Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм.




