
Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд энэ оны нэгдүгээр сард гэр бүлийн зургаан хүн угаартсан байж болзошгүй байдлаар нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Тус гэр бүлийн гишүүн болох цэргийн алба хааж байсан хүү нь харамсалтай, гомдолтой байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр:
“2025 оны 01-р сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд “Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн … тоот хаягт оршин суух 6 хүн угаартсан юм шиг байна, байшингийн гаднаас дуудаад сэрэхгүй байна” гэсэн дуудлага ирсэн.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэргийн газрын үзлэгийг дүрс бичлэгийн аргаар бэхжүүлж, хөндлөнгийн гэрчийг оролцуулан ажиллагааг явуулсан. Хэрэг болсон газрын орчин, нөхцөл байдал, агаарын шинжилгээ, үнснээс дээж авах гэх мэт тодорхой ажиллагаануудыг хийсэн. Амь хохирсон эмэгтэйн хамаарал бүхий хүн болох дүү О-г мөрдөн шалгах ажиллагааны оролцогчоор буюу хохирогчоор тогтоож мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.Урьдчилсан байдлаар амь хохирогчид нь угаартсан байж болзошгүй гэх дүгнэлт гараад байна. Нарийн шинжилгээний дүгнэлтүүд гарахаар мэдээлэл хүргэнэ. “
Амь хохирогчдын ар гэрийнхнийг хэвлэлд мэдээлэл өгч болохгүй гэсэн асуудлын талаар тэрээр “Зөвхөн энэ хэрэг биш нийт хэргийн жишээн дээр ярихад мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг нь тухайн хэргийн шийдвэрлэлтэд хамгийн чухал нөлөөтэй. Тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг гажуудуулах, гэм буруутай хүн байвал төөрөгдүүлэх, нотлох баримтаа устгах зэрэг олон асуудлууд байдаг учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой хэмжээгээр хуульчлагдсан байдаг. Энэ хүрээнд хохирогчоор тогтоогдсон амь хохирогчийн дүү О-д мөрдөн шалгах ажиллагааны дүрэм, журмыг тайлбарлаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явц байдлыг эрх, үүргийнхээ хүрээнд, оролцогчийн хувьд мэдэж байгаа учраас мэдээллүүдээ задлах нь хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд эрсдэлтэй байдаг талаар сануулсан. Мөрдөн шалгах ажиллагааны оролцогч буюу хохирогчид эрх, үүргийг тайлбарлаж гарын үсэг зуруулдаг. “Түүнээс биш хэвлэлд мэдээлэл өгч болно, болохгүй гэх талаар огт яриагүй. Тийм хууль ч байхгүй. Хамаарал бүхий хүмүүс нь нас барсан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх нь чухал учраас тэр хүрээнд хууль дүрмийг тайлбарласан үйл ажиллагаа явагдсан. Иргэн О буюу мэдээлэл хийсэн хугацаат цэргийн албан хаагчийг ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагаас дуудсан асуудал байхгүй, мэдээлэл өгч болно, болохгүй гэж ярьсан зүйл байхгүй. Тэр хүн өнөөдөр өөрийнхөө хүрээнд мэдээлэл өгсөн, түүнийг мэдээлэл өгсөн нь буруу, хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагаас хэлэх үндэслэл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны оролцогч биш учраас түүнд хууль сануулах, тайлбарлах шаардлага байгаагүй гэсэн үг” гэлээ.