
Өнгөрсөн сард “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид авснаар БГД-ийн 29 дүгээр хороонд байрлах “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болсон.
Түүнчлэн улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэжээ.
НЗДТГ-аас БЗД-ийн 40 дүгээр хороо, Да хүрээгийн гудамж, БХИС-ийн зүүн хойно байршилтай 9126 ам метр газрыг “Баганат өргөө” ХХК-тай зөвшилцөн эзэмшүүлсэн байна. Тус хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Мөн БГД-ийн 25, 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2248 ам метр газар, сургууль барих 4365 ам метр газрыг шийдвэрлэж, 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн 6 дугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ оны 8 дугаар сард ашиглалтад оруулна. Харин сургуулийн зураг төсвийг боловсруулж шатанд байгаа аж.
Зарим сургууль, цэцэрлэг барих байршил болон ажлын явцыг товч дурдвал:
-ХУД-ийн 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Маршал таун хотхоны баруун урд талд 5000 ам метр газарт 200 ортой цэцэрлэг барих ажил үргэлжилж байна.
-ХУД-ийн 3 дугаар хороо, 4200 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургууль барих бөгөөд гүйцэтгэгч компани шалгараад байна.
-ХУД-ийн 18 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, Удирдлагын академийн зүүн талд 7077 ам метр газарт 640 хүүхдийн суудалтай сургууль барина.
-БЗД-ийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн урд 1281 ам метр газарт цэцэрлэг барина.
-БГД-ийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны хойд талд 8000 ам метр газарт сургууль барина.
-СБД-ийн 9,11 дүгээр хороо, Ногоон нуурын орчимд 811, 812 дугаар байрны хойд талд 15.000 ам метр газарт сургууль, цэцэрлэг барина.
-СБД-ийн 9 дүгээр хороо, Хоймор оффисын хойд талд 1499 ам метр газарт цэцэрлэг барина.
-БЗД-ийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, “Сүмбэр орд” хотхоны зүүн талд 3300 ам метр газарт сургууль барина.
-БЗД-ийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, “Sunshine” вилла хотхоны баруун талд 4000 ам метр газарт сургууль барина.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс