
Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооноос Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг “Алдар” спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Энэхүү барилдаанд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа ангиуд, Төрийн цэргийн байгууллагын спорт хороодын улс аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, дэслэгч, улсын үлэмж бадрах арслан Б.Орхонбаяр долоо даван түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх, дэслэгч, улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар зургаа давж үзүүрлэлээ.
Архангай аймгийн Хайрхан сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, дэслэгч, улсын өсөх идэр харцага О.Мөнх-Эрдэнэ, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат “Алдар” спорт хорооны бөх, улсын начин Э.Батмагнай нар тав давж их шөвөгт шалгарсан юм.

“Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналаар Зэвсэгт хүчний 014-р анги, “Алдар” спорт хорооны бөх, дэд ахлагч ,аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоожийг, “Дайчин барилдааны тусгай шагнал”-аар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, Алдар спорт хорооны бөх, аймгийн арслан Э.Баасанжавыг, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналаар Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б.Сундуйжав нарыг тус тус шагналаа.


