
02-р сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагджээ.
Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 оноос зорчигч тоолох системийг нэвтрүүлсэн. Энэ хоёр системийн дагуу Нисэх, Багануур, Багахангай чиглэлээс бусад бүх чиглэлд хоёрдугаар сарын 01-нээс иргэд нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлэхээр болж байна.
Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа бөгөөд банкны карт дамжин суухад үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой аж.

Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулж байна.
Дашрамд дурдахад, автобусны үнийн тарифыг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөлт оруулаагүй. Улмаар нийслэлийн төсвөөс автобус компаниудад жилд 350 тэрбум төгрөгийн татаас өгч, иргэдийг 500 төгрөгөөр зорчуулж байсан юм.
