
МБШ Төв- Гандантэгчэнлин хийд, Тэргүүн лам нарын зөвлөлийн ажлын алба хамтран лам хуврагийг мэргэшүүлэх, чадавх дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа юм.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нийт лам нарт зориулсан 14 хоногийн сургалт Намдолдэчинлин хийдэд зохион байгуулагдаж өндөрлөжээ.
МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба лам, гавж С.Гантөмөр “Бодь мөрийн зэргийн дуулал”/Ламрим дүйдэн/ номын тайлбар хичээл, МБШ төв-Гандантэгчэнлин хийдийн Хөдөө орон нутаг хариуцсан тэргүүлэгч, ТЛЗХ-ын Ажлын албаны дарга, гавж Д.Нямсамбуу бясалгалын тухай хичээл, хуульч М.Амарбаяр хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг, ойлголт сэдвээр тус тус хичээл заасан байна.
“Шашны болон бусад чиглэлийн мэдлэг улам тэлж, олон талын чухал мэдээлэл авлаа, энэхүү сургалтыг зохион байгуулсанд баяртай байна” гэж сургалтад хамрагдсан лам нар ярьж байлаа.
Энэхүү сургалтад Сонгинохайрхан дүүргийн Бурхан шашинтны Амирлахуйн дэва хийд, Баянхошууны Намдолдэчинлин хийд, Жонон Дагдан Чойпэллин хийд, Жүрмэддэчинлин хийд, Дашчаглин хийд, Намдолчойнхорлин хийд, Үржинбадмаалин хийд, Итгэл төгс баясгалант хийд, Ганданданжайлин хийд, Дэчэн Поврон хийд, Балдан Сова Риглин хийдийн лам нар идэвхтэй хамрагджээ.


