
“Бүсгүй” уянгын драмын киноны Чинбатын дүрийг бүтээсэн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Сүхээгийн Ариунбямбыг zohitsol.mn онцолж байна.

Сүхээгийн Ариунбямба 2000 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн.
Бага байхаасаа аав, ээжийгээ дагаж бригадаар явж, театрт очдог байсан тэрээр нэг л мэдэхэд жүжигчний мэргэжилд татагдсан байсан гэдэг.
Тэрээр удам дамжсан жүжигчин. Аав нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Сүхээ. Ээж нь мөн л театрт олон жил ажилласан урлагийн хүн.
С.Ариунбямба ажлын гараагаа аавынхаа ажиллаж байсан Дундговь аймгийн “Төв халхын Дуулалт жүжгийн театр”-аас эхэлжээ. Тэрээр театрт олон жил ажиллах хугацаандаа дэлхийн болон Монголын 50 гаруй сонгодог жүжгүүдийн гол ба туслах дүрүүдэд тоглосон байна.
Түүний охин А.Номин-Эрдэнэ өвөө, аав хоёртойгоо адилхан жүжигчний мэргэжлийг сонгосон бөгөөд өдгөө мэргэжлээрээ ажилладаг.

С.Ариунбямба анх 2002 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс санхүүжүүлсэн “Гашуун аялгуу” кинонд Бат гэдэг залуугийн дүрд тоглож байжээ.
Түүнийг дандаа эсрэг дүрд тоглодог гэж ярьдаг ч театрт маш олон эерэг дүрийг бүтээж байсан юм.
Харин дэлгэцийн хэд хэдэн бүтээлд эсрэг дүрд тоглосны нэг нь “Ларьдма”киноны хүчирхийлэл үйлдэж буй архичин нөхөр Өнөболд. Энэ дүрээр нь хүмүүс хүлээж авах нь бий гэсэн.
Нэг удаа охин нь ангийнхаа хүүхдийг маргалдахаар нь: “Би чамайг аавдаа хэлнэ дээ” гэтэл нөгөө хүүхэд “Танай муу аав хогийн архичин л юм байна лээ шүү дээ” гэж. Охин: “Манай аав архи уудагггүй. Чи юу гээд байнаа” гэхэд “Танай аав Ларьдма дээр хачин хөгийн л амьтан байсан даг” гэж хэлсэн нь түүний дүр олонд хүрч чадсаны нэг жишээ гэж болно.
Харин амьдрал дээр Ариунбямбыг маш даруухан, тайван хүлээцтэй, тэвчээртэй гэдгийг нь түүнийг мэдэх хүмүүс хэлнэ.

Тэрээр тоглох дүрээ авангуутаа эскиз зураг гаргаж, түүндээ дөхүүлж хувирдаг аж.
Ариунбямба зургийн авьяастай, мөн баргийн нүүр будгийг өөрөө хийж чаддаг нэгэн бөгөөд Монголын алдартай нүүр хувиргагч Найданжавын шавь.
Гэхдээ тэр кино багт ажиллаж буй нүүр хувиргагчийг ихэд хүндлэн, зөвлөлдөж, санал солилцон ажилладаг байна.

“Ану хатан”, “Тэгри чину”, “Ар хударга”, “Содура”, “Цурам ажиллагаа”, “Аравт”, “Босуул”, “2000”, “Сүүн замын сахиул” зэрэг дэлгэцийн 30 гаруй бүтээлд үзэгчдийн сэтгэлд хоногшсон олон дүрийг чадварлаг бүтээсэн тэрээр найруулагчийн хувьд ч тайзны нэлээд хэдэн бүтээлтэй.



С.Ариунбямба гадны уран бүтээлчдийн хэд хэдэн кинонд тоглож олны талархлыг хүлээсэн билээ.
Тухайлбал, 2019 онд Хятадын сувгуудаар цацагдсан The Longest Day in Chang’an буюу монголчилбол “Чанг Ан-д болсон 24 цаг” хэмээх түүхэн цуврал киноны дэд даамал Ма Гэ Ар-ын дүрд тоглосон юм.
Уг кино Хятадын киноны “ТОП 10”-ыг удаан хугацаанд тэргүүлсэн.
Тус цуврал Япон, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг Азийн бусад орнуудад гарч, Viki, Amazon, Youtube зэрэг видео сувгуудаар Хойд Америкийн үзэгчдэд хүрчээ.



С.Ариунбямба 2013 онд “Mongolian academy awards-2013”-аас “Ану хатан”-ы Данжила баатрын дүрээр шилдэг туслах дүрийн шагнал, 2016 онд “Mongolian academy awards-2016”-аас “Содура” киноны дүрээрээ шилдэг туслах дүрийн шагнал, 2024 онд 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаас “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг Тайландын White light кино компани болон “Dream entertainment”-ийн хамтран бүтээсэн “Үхлийн тойрог” уран сайхны киноны гол дүрээрээ хүртсэн юм.

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан С.Ариунбямба “Хурд” хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны киноны Чинбатын дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байгаа билээ.
Авьяаслаг жүжигчиндээ уран бүтээлийн өндөр амжилт хүсэе.

