
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанууд явагдаж медалийн эзэд тодрох билээ.
Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин болох 57 кг-д “Төгс” дэвжээний бөх 23 хүртэлх насныхны Дэлхийн аваргын хүрэл медальт Б.Мөнх-Эрдэнэ, Монголын чөлөөт бөхийн холбооны тамирчин 23 хүртэлх насны Монгол Улсын аварга С.Жигүүр нар финалдлаа.
61 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын үзүүр бөх З.Занабазар, “Баянгол Аваргууд” академийн бөх Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын хошой хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга нар аваргын төлөө барилдана.
65 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан “Алдар” спорт хорооны бөх Дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Цогбадрах, “Баянгол Аваргууд” академийн тамирчин дэлхийн оюутан, залуусын универсиад наадмын хүрэл медальт Д.Төрбаяр нар тунаж үлдлээ.
Харин 70 кг-д “Хүч” спорт хорооны тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, “Парис-2024” олимпын наадмын V байрын шагналт Монгол Улсын гавьяат тамирчин Т.Тулга үдээс өмнөх бүх барилдаанууддаа цэвэр ялж финалдсан бол Монголын чөлөөт бөхийн холбооны бөх Б.Өсөхбаяр өнөөдөр таамаг эвдэж шигшээ барилдаанд зодоглохоор шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд “Алдар” спорт хорооны бөх 23 хүртэлх насны Дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Ч.Отгонтуяа, “Дархан Хасу FOHOW” клубийн бөх, Азийн аваргын үзүүр бөх Ц.Намуунцэцэг нар аваргын төлөө барилдана.
62 кг-ын жинд Дэлхийн аварга П.Орхон, С.Цэрэнчимэд нар ганц ч оноо алдалгүй бүх өрсөлдөгчөө цэвэр ялснаар финалдлаа.
Харин 76 кг-ын жинд хүч сорьж буй бөхчүүд тойргоор барилдаж аваргаа тодруулах юм.





