
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн дүүрэг, хороодын Засаг дарга нарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд хэлэлцэж, үр дүнгээ танилцууллаа. Хэлэлцүүлэг уулзалтад нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны Засаг дарга, удирдах албан тушаалтан, мэргэжилтний төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг дүгнэж хотын дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн уулзалтаар хоёр сарын өмнөх уулзалтаар өгсөн үүрэг даалгаврыг дүгнэлээ. Хороодод нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход дэвшилтүүд гарсан байна. Зөвшөөрөлгүй ТҮЦ, барилга байгууламж, эвдэрхий автомашин, орц гарцыг хаасан хайс хашааг буулгасан байна. Цаашид хороодын Засаг дарга нарын саналын дагуу олон жил гацсан, суурь нь өөрөө хогийн цэг болсон барилгуудыг буулгаж, чөлөөлнө. Газар дээр нь ногоон байгууламж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, зогсоол барина. Олон жил баригдаагүй удсан барилгын асуудлыг Богдхан уулын нутаг дэвсгэртэй залгадаг хороодын Засаг дарга нар илүү ярилаа. Жишээлбэл, Зайсан орчимд явган хүний зам төлөвлөх зай талбайгүй болсон байна. Богдхан уул орчимд газрын ашиглалтын менежментийг хотод шилжүүлмээр байна гэсэн саналыг Засаг дарга нар удаа дараа хэллээ.
Дүүргүүд дундын хогийн цэгтэй болсноор хог тээвэрлэлтийн зардлаа бууруулж, ил задгай хогийн цэгүүдийг арилгаж байна. Сүүлд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Шарга морьт орчимд хогийн шахдаг цэгийг бий болгох гэж байна. Хороод өөрсдөө нутаг дэвсгэрийнхээ нийтийн эзэмшлийн зам талбайг засаж янзалдаг, шинээр бүтээн байгуулалтаа төлөвлөдөг боллоо.
Зогсоол хүрэлцээгүйн улмаас автомашинаа энд тэнд тавьж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж байна. Тиймээс гэр хороолол, орон сууцны хорооллууд дунд ил болон далд зогсоолуудыг шинээр төлөвлөж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийх ажлуудыг эхлүүлнэ. Улаанбаатар хотын камерын хяналтын нэгдсэн системийг өргөжүүлнэ. Хоёр сарын дараа дахин ажлаа дүгнэнэ” хэмээв.
Л.Мөнхтүвшин: Хотын даргаас өгсөн чиглэлийн дагуу хүний өдөр тутмын амьдралын орчныг сайжруулах ажлууддаа түлхүү анхаарна

Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Мөнхтүвшин “Манай хороо бараг бүхэлдээ Сэлбэ дэд төв төслийн газар чөлөөлтөд хамрагдсан. Нийслэлээс анх удаа нийтийн эзэмшлийг гудамж талбайг хороо өөрсдийн хөрөнгөөр хэрэгтэй байршилдаа шийдэх боломжийг олгож байгаа нь тун сайшаалтай. “7 буудал” орчимд худалдаа, үйлчилгээний төв олон. Зогсоолын асуудал хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэх саналаа хэллээ. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу явган хүний зам, тохижилт, гэрэлтүүлэг гээд хүний өдөр тутмын амьдралын орчныг сайжруулах ажлууддаа бид анхаарна” гэлээ.
Б.Цогзолмаа: Хороодын Засаг дарга нар иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг, тэдний үгийг сонсох нь чухал

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Б.Цогзолмаа “Шат шатны Засаг дарга нар асуудлаа хэлэлцэж, дүгнэж байна. Багагүй хугацаанд хорооны Засаг даргаар ажиллахдаа өмнө нь ийм үйл ажиллагаанд оролцож байсангүй. Өмнөх уулзалтаар үүрэг болгосон явган зам, иргэд чөлөөтэй зорчих орц гарцыг чөлөөлөх, золбин нохой, муурыг цэгцлэхэд анхаарч ажилласан. Хороодын Засаг дарга нар иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг хүмүүс. Энэ өдрүүдэд олон шат дамжлагагүй асуудлаа ил тод ярилаа. Манай хороо асуудлаа эрэмбэлж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажлуудыг үргэлжлүүлнэ. Хамгийн сүүлд СУИС-ийн баруун талын замд зөвшөөрөлгүй дэлгүүр барьж, явган хүний орц, гарцыг хаасныг буулгасан. Зогсоолын хүрэлцээ маш хэцүү. 370 автомашины зориулалттай зогсоол дээр гэхэд албан байгууллагууд ажилладаг өдрийн цагаар 2000 гаруй автомашин, шөнийн цагаар 1000 гаруй автомашин байрлаж байна. Зогсоолын асуудлыг мөн хэлэлцүүлгээр ярилцлаа” гэв.
Ж.Хишигбаяр: Нисэх орчимд барилгажилт эрчимтэй явагдаж байгаа учир сургууль, цэцэрлэг хамгийн хэрэгтэй

Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга Ж.Хишигбаяр “16 дугаар хорооны Засаг даргаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Манай хороо гэр хороолол, байр хороолол хосолсон 2500 өрхийн 10 мянга орчим хүн амтай. Сүүлийн жилүүдэд Нисэх орчимд хүн ам эрчимтэй өсөж, барилга олноороо баригдаж байна. Манай хороо улсын хоёр сургуультай. Дахин сургууль нэмж барьж байгаа. Гэхдээ улсын цэцэрлэг хүртээмжгүй байна. Нийтийн аж ахуй, тохижилтын тал дээр бид анхаарч ажиллана” гэлээ.
Б.Содончимэг: Манай хороо дүүрэгтээ хамгийн олон хүн амтай боловч ганцхан улсын сургуультай

Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга Б.Содончимэг “Бүгдээрээ хэлэлцэж, нийт асуудлаа тодорхойлж, зөв гарц шийдлийг олох нь чухал. Тиймээс энэ уулзалтууд чухал ач холбогдолтой. Хотын дарга болон холбогдох дарга нар хэлэлцүүлэгт оролцож байгаа учраас асуудалд зөв шийдлүүд гарч байна. Манай хороо Баянгол дүүргийн хамгийн олон хүн амтай буюу 5500 гаруй өрх, 20 мянга гаруй иргэнтэй. ЕБ-ын 141 дүгээр сургууль гэсэн ганцхан сургуультай. Сургуулийн насны хүүхдийн тоо 4500 гарсан. Ирэх намрын хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй нөхцөлд хүрсэн. Энэ асуудлыг шийдэх боломжийг өнөөдөр ярилцлаа. Мөн манай хорооны Хараагүйчүүдийн 48 дугаар байрыг шинээр орон сууцжуулах хотын даргын захирамж гарсанд их баяртай байна” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС









