
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр 41 настай Л.О нь 05 дугаар сарын 09-ний 01.09 минутад Бангкокийн Хлонг Тоэй дүүрэг дэх Сукхумвит 24 гудамжинд байрлах орон сууцны барилгын 17 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Тухайн үед, тус байрны оршин суугчид шөнийн 12:50 цагийн орчимд хүчтэй чимээ сонсож, хамгаалалтын ажилтнуудыг дуудсан байна. Түргэн тусламж цаг алдалгүй очсон ч харамсалтай нь түүнийг аврах боломжгүй байжээ.
Тайланд улсын цагдаагийн байгууллага энэхүү хэргийн шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгалт явуулж байгаа аж.
Хэд хоногийн өмнөөс олон нийтийн сүлжээнд талийгаачийн эгч Л.Онон дүүгийнхээ амь насаа алдсан хэрэгт түүний нөхөр А.Төмөрийг холбоотой хэмээн бичиж, С хэмээх эмэгтэйг ч буруутгасан байв.
Тайландад болсон энэхүү эмгэнэлт явдалтай холбоотойгоор Элчин сайд А.Төмөрийн аав Ж.Амарсанаа “Өдрийн сонин”-д тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Бидэнд тохиолдсон уй гашууг хуваалцаж байгаа та бүхэндээ баярлалаа. Миний охиноос ялгаагүй хүүхэд, хүүгийн эхнэр, гурван ачийн минь ээж өөд болсон. Золгүй явдал тохиолдсон гэж хэлмээр байна. Тайландын хууль шүүхийн байгууллага хянаж, шалгаж байна гэж ойлгосон. Асуудал дуусаагүй байна, үүний дараа албан ёсны хууль зүйн шийдвэрүүд гарах байх. 49 хоног болоогүй байхад цахимаар мэдэгдэл хийж, хүмүүсийн толгойг эргүүлэх хэрэггүй бодож байгаа. Гэхдээ сүүлийн үед цахим сүлжээнд буруутгасан олон мэдээлэл гарч байна. Албан ёсны шийдвэр гараагүй байхад нийгмийг сандралгүй байхыг хүсэж байна. Бэр, хүү, ач нарын зургийг гаргаж элдэв яриа өрнүүлж байгаад харамсаж байна, тэр хүүхдүүд буруугүй шүү дээ. Жаахан хүүхдүүд. Миний зургийг хүртэл явуулж байгаа. За тэр яах вэ, тэгээд л байж байх юм байгаа биз. Та бүхнийг хүлээцтэй, хүн чанартай байгаач гэж хүсэх гэсэн юм” гэлээ.