
Том төслүүд эхлэхээр, бүлэглэлүүд хуулийн өмнө очих болохоор, бүр цаашлаад хөрөнгөө хураалгахдаа тулаад ирэхээр системийн авлигын сүлжээнийхэн сандраад удаж байна. Хэд хэдэн жагсаал хийлгээд авсан тэдгээр бүлэглэл ээлжит нэгэн цугларалтаа зөвхөн Ерөнхий сайд руу чиглүүлэн хийлгэж байна.
Өмнө нь аль ч Засгийн газрын үед яригдаагүй, ярих нь бүү хэл бодож ч зүрхлээгүй хууль бус хөрөнгийг хураах алхмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л эхлүүлэхээр зориглосон нь олон авлигачдын зүрхэнд шар ус хуруулж байгаа бололтой.
ХЗДХ-н сайд О.Алтангэрэлийг Засгийн газрын хуралдаан дээр “Хууль бус хөрөнгийг хураах хууль”-ийн төслөө танилцуулахад олон хүн эргэлзэж байсан гэдэг.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
“Бидэнд хоёр сонголт байна. Нэг бол авлигачидтай нүүр тулна, нэг бол ард түмэнтэйгээ нүүр тулна. Би бол авлигачидтай нүүр тулахыг нь сонгож байна. Хуулийн төслөө улам сайн болгоод оруулаад ирээрэй”
гэж хэлсэн байна. Авлигачдын зүрхэнд шар ус хуруулсан энэхүү хуулийн төслийн сургаар Засгийн газрыг огцруулах ашиг сонирхолын бүлгүүд хөдөлгөөнд ороод эхэлсэн.
Үүний илрэл нь иргэдийн Засагт хүргэх дуу хоолойны хажуугаар зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эсрэг чиглэсэн, түүнийг л огцруулах зорилго бүхий санхүүжилттэй удаа дараагийн жагсаал, цуглаан юм.
Бүлэглэлүүд олон жил, бүр 30 жилийн туршид Монголын хөгжлийг гацааж, том том төслүүдэд өөрсдийн эрх ашгаа шингээх гэж нураасан, ингэхдээ эх орончийн дүр эсгэсэн нөхдүүдийг жагсааж, тэдэндээ тэмцэгч нэрийг хайрлаж, ямар ч логикгүй асуудал яриулан, түүнийг нь сэвдэг үүрэг бүхий нөхдийг хүртэл бий болгон тэжээсэн.
Тиймээс дээр үеэс эрх ашгаа шингээх гэж гацааж ирсэн том төслүүдийг хөдөлгөхөд, хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй, энэ нь Баялгийн сан гэж Ерөнхий сайд үзсэн. Тийм ч учраас стратегийн ордуудын 34-51 хувийг төрд авч өгөөжийг нь Баялгийн сандаа оруулъя гэсэн. Гэтэл Ухаа худагийг хууль бусаар авсан компани ээлжит акцаа хийгээд эхэллээ.
Монгол Улсын Хөгжлийн мега төслүүд гацсан суурь шалтгаан:
-Нэгдүгээрт, олон улсын геополитик нөхцөл байдал, тусгай албадын шууд болон шууд бус нөлөөлөл,
-Хоёрдугаарт, эдийн засгийн төслүүдэд эрх ашгаа шингээхийг хүссэн улс төр болон эрх ашгийн хил дамнасан бүлэглэл,
-Гуравдугаарт, дээрх нөлөөллөөс үүдэлтэй их хэмжээний санхүүжилттэй улс төрийн зорилтот акц юм.
Эдгээр гурван нөлөөллийг Улсын Их Хурал, Засгийн газар даахгүй явсаар ирсэн нь гашуун үнэн.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Ажлын хэсэгт орсон төрийн албан хаагчдын аюулгүй байдалд заналхийлэл учирсан баримтууд ч олон байдаг. Ингээд л Засгаа огцруулсаар ирсэн түүхтэй. Засгийн газар дунджаар 1,8 жилийн настай байснаараа бид юу хожив? Ямар ч үйлдвэр хөгжөөгүй, бусдаас хараат хэвээр.
Дээр дурдсан нөлөөллүүд мөн л энэ удаагийн Засгийн газарт сүүдрээ тусгаад эхэллээ.
Нам дамжсан, хил дамнасан бүлэглэлүүд дээр нэмээд засагт сайд болж чадаагүй МАН, АН-ын нэр бүхий нөхөд, тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, О.Цогтгэрэл тэргүүтэн улс орны мега төслүүдийг эсэргүүцэж байгаагаа ил далд илэрхийлсээр байгааг бид харж байна.
Л.Оюун-Эрдэнэ сайд “Монгол улс төрийн системийн авлига буюу авлигын хамгийн хүнд үе шат руу алгуурхан гулсан орж байна” гэж одоогоос 8 жилийн өмнө хэлж байсан нь санамсаргүй үг биш, тэрээр улс төр судлаачийн хувьд хийсэн олон жилийн судалгааныхаа үр дүнгээс дурдсан хэрэг.
Системийн авлига хамгийн хүнд шат руугаа орсон гэж тэрээр ямар учраас хэлсэн бэ? Үүнийг тайлбарлахад, өдгөөгөөс бүр 27 жилийн өмнө, 1998 онд гуравхан сар засагласан Элбэгдоржийн Засгийн газрын үед Эрдэнэтийг тойрч системийн авлигын асуудал үүссэн гэхэд болно. Учир нь Эрдэнэт үйлдвэрийг хэн хэн хянаж байгаа нь улс төрд хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч бүлэг нь байсан гэсэн үг.
Хожим системийн авлига угсрагдаж, улмаар “хөгжсөн” он жилүүд нь 2009 оноос эхлэлтэй. Ингээд л МАНАН бүлэглэлийг бий болгож, бондууд босгон хувааж авах, байгалийн баялгийг хулгайлах, гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг нийлж авах, авлигаар хотын газруудыг хайр найргүй өгөх зэргээр даамжирч хамгийн хүнд шатандаа орсон.
Системийн авлига гэж яг юуг хэлээд байна вэ?
Системийн авлигын бүтцийн гол цөм нь төрийн өндөр дээд албан тушаалтнууд байдаг. Тэд системийн авлигыг хөгжүүлэхийн тулд:
-Дотоодын хууль, хүчний байгууллагуудыг атгах,
-Төрийн болоод хувийн томоохон бизнесүүдэд нөлөөгөө суулгах,
-Дэлхийн улсуудын геополитикийн томоохон тоглогчоор нэрлэгддэг үндэстэн дамнасан корпорациуд орж ирвэл ашиг сонирхлоо илэрхийлэн нэгдэх,
-Гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалыг шууд бусаар удирдах зэргээр ажилладаг.
Өөрөөр хэлбэл тэд УИХ, Засгийн газар, хууль хүчний байгууллагууд, бизнес, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагуудыг “халаасандаа” хийдэг гэсэн үг. Системийн авлига нь голдуу нийтийн эрх ашгийг хөндөж мөнгөөр үнэлж тооцохын аргагүй их хэмжээний хохирлыг учруулдаг. Энгийнээр тайлбарлавал, боломж хулгайлах…
Энэ л жам ёсоор МАНАН-г хүчирхэгжүүлэх, УИХ, Засгийн газар зэрэг институцэд өөрсдийн хүмүүсээ оруулах, хууль хүчний байгууллагын даргын албан тушаалуудад өөрийн хүнээ томилох, Эрдэнэт, Таван Толгойд их хэмжээний мөнгө эргэлдүүлэх зэрэг үйл явцууд өрнөж системийн авлига угсрагдсан байдаг юм.
Бүлэглэлүүд ийнхүү нийтийн эрх ашгийг хөндөж, улс орны хөгжлийг, ард түмний боломжийг хайр найргүй хулгайлсан.
Одоо тэд эрх ашиг нь хөндөгдөөд, үнэнд гүйцэгдээд ирэхээр жагсаал цуглаан хийлгэж байна.
Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдана. Ус тосоороо ялгарах өдөр. Бүлэглэлүүдийн гар хөл Бага хуралд олон байгаа бол өөрсдийн хүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх биз? Нөгөө гурван үсэгтэй компаниас хандив авчихсан гишүүд яахыг харцгаая.
Улс орны эрх ашгаа бодогсод дийлэнх байгаа бол Ерөнхий сайдаа, хамтарсан Засгийн газраа авч үлдэх ёстой. Мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга далдуур маш их нөлөөтэйг нуугаад яахав!!!!!!!
Мөнгөтэй том бүлэглэлүүдэд барьцаалагдахгүй байхын тулд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгаа авч үлдэж байж гурван үсэгтэй компанийг ялна. Эс тэгвээс тэдэнд ялагдаж, дахин Ухаа худаг гэж дуугарах улс төрийн зориг гарахгүй болох нь….