
Донор ба эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хөгжилд медиа салбар, сэтгүүл зүй маш чухал үүрэгтэй болох талаар дэлхий нийтээрээ андахгүй. Харин манайд эсрэгээрээ.
Сэтгүүлч хариуцлагагүй, буруу ташаа мэдээлэл нийгэмд түгээвэл эдгэнэ гэдэгтээ итгэн олон сар жилээр донороо хүлээж байгаа хүмүүсийн итгэл найдварыг улам холдуулах эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндийн чиглэлээр мэдээ, мэдээлэл хүргэхдээ мэдээллийн эх сурвалжаа сайтар нягтлах, хариуцлагатай хандах хэрэгтэй гэсэн үг.
Гэтэл зөвхөн хандалтдаа анхаарч, шуугиан дэгдээх зорилготой гэж болох нэгэн сэтгүүлч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээ түгээхдээ, эмч нар тархины үхжилттэй хүний эрхтнүүдийг эрхтний наймаачин шиг дураараа тоноод, дараа нь төмөр утсаар үдээд “хэрсэн” гэх зэргээр ярьж байсан. Төмөр утас гээд байгаа нь орчин үеийн хайлдаг титан утас буюу сайн чанарын төмөр үдээс л дээ.
Шуугиан дэгдээх зорилготой гэж хэлэхийн учир нь сэтгүүлч олон эх сурвалжаас тэнцвэртэй мэдээлэл авалгүй, зөвхөн донорын гэр бүлийнхний яриаг дамжуулж, Батчулуун эмчийг байцаах, загнах хоёрын дундуур шахаанд оруулснаас өөрөөр мэргэжлийн болон албаны хүмүүсийн тайлбарыг аваагүйгээр батлагдана.
Ийм эмзэг сэдвээр хэт дураараа, бас донорын ар гэрийнх нь хүмүүсийн яриа, сэтгэл зүйд хэт автаж, нийгмийг айдаст автуулахуйц эвгүй үг, өгүүлбэр ашигласан нь өөрийн хандалтдаа хэт анхаарч, нийтийн эрх ашгийг бодоогүй үйлдэл мөн гэж хэлэх гээд байгаа юм.
Ар гэр нь оршуулгын зардалтай холбоотой асуудал хөндөж хандсан бол тэр талаар нь асууж лавлаж, ямар алдаа дутагдал байна, яаж шийдэх гэж байна гэх зэргээр тодруулж болно. Харин эрхтэнүүдийг дураараа авсан, аваагүй талаар нь маш болгоомжтойгоор сурвалжилж, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, гарцаагүй байдал нотлогдвол гаргаж тавих зэргээр хандаж болмоор.
Ямар нэг баяр ёслолын арга хэмжээ дамжуулж байгаа аятай “бид шууд дамжуулж байна” гээд байсан. Зөвхөн л, эрхтэн зөвшөөрөлгүй авсан, бүр тоносон гэх ойлголт руу олны анхаарлыг татсан.
Энд би, сэтгүүлчийн мэдээ, сурвалжлага бэлтгэх эрхэнд огт халдаагүй. Хувь хүн рүү нь дайрч, доромжилсонгүй. Түүний хэлж, ярьж байсан үг, хийсэн үйлдлүүд, болж өнгөрснийг л бичлээ.
“Донортой холбоотой мэдээллийг анх цацсан сэтгүүлч хэт туйлширч хандсан” гэж мэргэжилтнүүд шүүмжлэлтэй ханддаг. “Сэтгүүлч мэдээ сурвалжлага бэлтгэхдээ болгоомжтой хандаж, Донорын тухай хуулиа уншчихаж болоогүй юм байх даа” хэмээн эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан, тэднийг төлөөлж Гавьяат эмч О.Сэргэлэн хэлснийг энд онцлон тодотгож байна.
Хүний хөгжлийн индекс өндөрсөх тусам эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл хүний төлөөх нийгэм иргэнээ эрүүл болгохын төлөө бүхий л хүчээ дайчилдаг юм байна.
Харамсалтай нь тухайн шуугианаас хойш нэг ч тархины үхжилттэй донор олдоогүй. ДЭМБ-аас дэлхийн улс орнуудыг амьд донороос илүүтэй, тархины үхжилттэй донороос эрхтэн авахыг зөвлөж, улс орнуудын чиг хандлага ч ийшээ явж байхад манайх нэг болчимгүй сэвэлтээс болоод эсрэг тийшээ явж байна гэж мэргэжлийнхэн удаа дараа мэдэгдлээ.
Сэтгүүлч хүн буруу ташаа мэдээлэлд хэт автсан, мэдлэггүй, аминч үзэлтэй, ёс зүйгүй байснаар ямар үр дагаварт хүрдгийн жишээ…
Тухайн үед, зам тээврийн оролд ороод тархи нь үхэжсэн донороос эрхтэн шилжүүлэн авахыг донорын ар гэрийн гурван хүн зөвшөөрч, улмаар зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурсан гэж яригдсан.
Донорын гэр бүлийнхний гарын үсэг зурсан тэрхүү зөвшөөрлийн хуудсан дээр “элэг, бөөр, шөрмөс” гээд заачихсан байсан бөгөөд үүний дагуу л эрхтнийг шилжүүлэн суулгажээ. Ингэж гурван хүний амь насыг авраад, цаана нь 10 гаруй хүний амьдралын чанарыг хангасан гэдгийг Монгол Улсын Гавьяат эмч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Монгол Улсын Гавьяат эмч О.Сэргэлэн нар хожим онцлон хэлсэн байна.
Шуугиан дэгдсэн тухайн үед, гарын үсэг зурсан ар гэрийнх нь гурван хүний хоёр нь, “шөрмөс авна гэж хэлээгүй” гэж ярьж байсан бол донорын ээж нь шөрмөс авна гэдгийг ойлгосон гэдгээ ярьсан талаар мэргэжлийнхэн мэдээллийнхээ үеэр дурдаж байв.
Зөвшөөрлийн хуудас нь НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ байдаг атал сэтгүүлч түүнийг барьчихсан уншаад, унших уншихдаа бүр “элэг, бөөр, шөрмөс” гэж дурдаж байдаг. Сэтгүүлч “шөрмөс” гэж хэлэхдээ хоолойны өнгө нь өөр болж, гайхаж байгаа хэлэмж харагддаг.
П.Батчулуун эмчийн охин, эмч Б.Хонгорзул хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “Аав маань ярьж хэлж байснаасаа өөр эрхтэн аваагүй. Анхнаасаа таниулах хуудас дээрээ элэг, бөөр, шөрмөс гэж бичсэн байсан. Нөгөө айл “Шөрмөс гэж сонсоогүй” гэж хэлж байна гэсэн. НДС-аас донорын ар гэрт оршуулгын зардлын тэтгэмжийг өгөөгүйд өмнөөс нь уучлал хүссэнийг нь эмч өөрөө буруутайдаа уучлал хүсч байгаа мэтээр ойлгуулсан нь харамсалтай” хэмээн ярьсан байна.
“Шөрмөс авсан гэх асуудлаар хэвлэл, сошиалаар шуугихад, донорыг оршуулсан газраас нь гаргаж дотор эрхтэн нь байгаа эсэхийг шалгахад өөр зөрчил байхгүй гэдэг нь батлагдсан байдаг. Зөвшөөрөлгүйгээр, бас хууран мэхлээд эд эрхтнийг наймаалцаж, ашиг сонирхлын үүднээс ашигласан зүйл огт биш. Энэ нь ч олон удаагийн шалгалтаар хянагдаж, нотлогдсон байдаг” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ярьсан.
Ийм байхад Эрүүгийн хуулиар ял оноосон нь харамсалтай.
Уг нь Монгол Улсад “Донорын тухай хууль” гэж хууль бий.
Донорын тухай хуулийн 15 дугаар зүйл. Амьгүй донороос эс, эд, эрхтэн авах
15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
15.2.Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно гэж заасан байдаг.
Энэхүү донорын тухай хуулийг зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тус хуулийн 24 дүгээр зүйлд юу гэж заасан бэ гэхээр:
24.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Амьгүй донортой холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд юу гэж заасан байдаг талаар энд дурдмаар байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйл. Донорын тухай хууль зөрчих
2.Ашиг олох зорилгоор донорын үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
3.Амьд донороос эс, эд, эрхтэн авах шаардлага, нөхцөлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
4.Донорын эс, эд, эрхтнийг худалдан авах, эсхүл худалдан борлуулахаар сурталчилсан бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
5.Ашиг олох зорилгоор баталгаажаагүй цус, цусан бүтээгдэхүүн, эс, эд, эрхтэн экспортолсон, эсхүл импортолсон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
6.Хуульд зааснаас бусад тохиолдолд амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, эсхүл түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж байдаг.
Уг хэрэг нь Донорын тухай хуулийн 3.1.3-т заасан “амьгүй донор” буюу тархи бүрэн үхжиж, үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан, нас барсан нь тогтоогдсоны дараа зохиомол амьсгалын тусламжтайгаар үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа зарим эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахаар авч болох цогцостой холбоотой юм.
Ийм учраас, Эрүүгийн хуулийн 15.3-д заасан амьд хүний биеэс эс эд, эрхтэн авсан тухай биш, Донорын тухай хуульд заасан амьгүй донор буюу цогцсоос эс эд, эрхтэн авах тухай зүйлчлэлд хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулийн 10.6-р зүйлийн 6-д буюу дээр дурдсан зүйлчлэлд хамаарахаар байна.
Харамсалтай нь Батчулуун эмчийг эд эрхтэний наймаачин шиг үзэж Эрүүгийн хуулиар ялласан. Олон хүний амь аварсан, цаашид ч аврахын төлөө сэтгэл зүрхээ өгсөн, эрхтэн шилжүүлэн суулгах албыг хөгжүүлэхийн тулд амьдралынхаа 15 жилийг зориулсан Батчулуун эмч өдгөө 2 шатны шүүхээр ороод 2.6 жилийн ял нь хэвээрээ, бие нь тааруу байна.
Улсын яллагч ийнхүү Эрүүгийн хуулиар яллахад сошиалаас үүдэлтэй нийгмийн хэт сенсаци тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн гэж үзэж болно.
Улсын яллагч Эрүүгийн хуулиар шийдүүлэхээр шүүхэд шилжүүлсэн учраас шүүх тухайн хуульд заасны дагуу шийдэж 2.6 жилийн ял оноожээ.
Батчулуун эмчийн яллуулаад байгаа Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл буюу “Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах” гэснийг тодруулан хүргэе.
15.3 дугаар зүйл:
1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
Шөрмөстэй холбоотой дэлгэрэнгүй тайлбарлах байсан байж болох процессын алдааг Эрүүгийн хуульд заасан “Хууран мэхлэх”, хүч хэрэглэх”, “хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгтэй адилтгаж болмооргүй санагдаж байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд дурдсан “Хүний эд, эрхтнийг…” гэсэнтэй хэр нийцэх вэ?
Гэтэл ийм л юм болж өнгөрсөн.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат, Н.Ариунболд нарын гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцжээ. Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын бичсэн гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” болон тус зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлд хамаарч буй тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлээд байна.
Эцэст нь, зарим сэтгүүлч тархиа цэнэглэ, олж авсан мэдээллээ нягтал, долоо хэмжиж нэг огтол, бас ёс зүйтэй, хүнлэг бай гэж хэлмээр байна.