
Бусдын биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулж, ашиг олох зорилгоор хуурч, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлсэн Ө.М нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2.2, 3.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл. Хүн худалдаалах
1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ гэмт хэргийг
2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг:
3.1.байнга тогтвортой үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.