
Иргэн Т нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэрийг болгосон нэгэн байсан бөгөөд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Орон сууц худалдан борлуулна” гэх нэрийдлээр иргэдийг залилж бусдад 460 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байжээ.
2023 онд Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу “шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин Т-д залилуулсан иргэдийн нэг болох 130 сая төгрөгөөр хохирсон хохирогч шүүх хурлаас жил гаруйн дараа гудамжинд тааралджээ. Ийнхүү хохирогчтой жилийн дараа тааралдсан Т “Би Энэтхэг улсын иргэн болсон. Тэнд 6 сар амьдарч байгаад ирлээ” гэж хэлсэн байна.
Хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дагуу хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Т нь өөрийгөө нас барсан талаарх хуурамч баримт бүрдүүлэн өгч хариуцлагаас зайлсхийсэн байжээ.
Тодруулбал, Т нь шүүхийн шатанд өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримтыг бүрдүүлэн нас барсны гэрчилгээ гаргуулан авч, лавлагааг нь үндэслэн шүүхээс 2023 онд Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу “шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байв.
Цагдаагийн байгууллагаас иргэн Т-ийн хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримтыг хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3, 21.1, 23.2-р зүйл ангиудад зааснаар яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүллээ.
Дашрамд дурдахад, иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг элэгний хорт хавдар гэсэн оношоор нас барсан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ АМ-7 маягтыг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байжээ.
Улсын бүртгэлийн байгууллага нь эрүүл мэндийн байгууллагатай 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамны дундын мэдээллийн санг ашиглан “Нас барсны бүртгэл”-ийг бүртгэж байгаа аж.
Иргэн Т-гийн нас барсны бүртгэлийг түүний төрсөн эцэг нь бүртгүүлж, нас барсны 986 тоот гэрчилгээг хүлээн авсан байдаг аж.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсны бүртгэлийг:
-Иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа,
-Иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр,
-Нас барсан шалтгаан тухай шүүх эмнэлгийн дүгнэлт ,
-Гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэрийн аль тохирохыг үндэслэн хөтөлдөг учраас иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагааны дагуу бүртгэсэн байна.