
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой ордыг Стратегийн ач холбогдолтой орд гэдэг.
2007.02.06-ны өдөр УИХ тодорхой орд газруудыг стратегийн ордод хамааруулах тухай 27 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол нь хоёр хавсралттай.
“Нэгдүгээр хавсралтаар 16 ордыг стратегийн орд газарт хамааруулсугай” гэсэн бол хоёрдугаар хавсралтад, “Нэр бүхий 39 орд болон тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн орд газарт хамааруулах эсэхийг УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт даалгасугай” гэсэн байдаг.
Стратегийн ордод хамааруулсан 16 ордоос 7 нь төрийн, 9 нь хувийн эзэмшилд байна. Хувийн эзэмшилд байгаа 9 ордын 34-51 хувийг төр авах хэлэлцээрийг хийхээр ажиллаж байгаа юм.
2007 онд УИХ-ын 27-р тогтоолын 1-р хавстралтаар стратегийн ордод хамааруулсан 16 орд болон тус тогтоолын 2-р хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах 39 ордыг доорх зурагт харууллаа.

2007 оны 27-р тогтоолын 2-р хавсралтад заасан эдгээр 39 ордыг стратегийн ордод оруулж, 34-51 хүртэлх хувийг нь төр эзэмшихээр төлөвлөөд байгаа юм.
Ирэх долоо хоногоос УИХ-аар стратегийн ордуудын тухай, стратегийн ордын жагсаалтад 39 орд оруулах тухай шийдвэр гаргуулахаар Засгийн газарт өргөн барьсан. Стратегийн ордод оруулах жагсаалтад бичигдсэн байсан 39 орд дээр 8 ордыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн саналыг хүргүүлсэн гэдгийг Засгийн газрын БЭТ Ж.Батзандан ярьж байна.
Эдгээр 8 орд нь.:
- Баянхөндий+Алтан нар орд
- Хармагтайн орд
- Халзан бүргэдэй орд
- Хотгорын орд
- Баянголын орд
- Хөшөөтийн нүүрсний орд
- Айл баянгийн нүүрсний орд
- Эрдэнэбулагийн нүүрсний орд юм.
Харин 2007 онд батлагдсан 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан 39 ордыг товч танилцуулъя.
1. Улаан-Овоогийн нүүрсний орд
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын төвөөс баруун тийш 7 км, Шаамарын төмөр замын өртөө болон Улаанбаатар Сүхбаатар чиглэлийн засмал замаас 120 км, Улаанбаатар хотоос 430 км-т оршдог. Ордын хайгуулыг улсын хөрөнгөөр хуучин Зөвлөлтийн геологчид 1970 оноос хойш хийж, 208 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрсний нөөцтэйг тогтоожээ.
2. Өвдөгхудагийн нүүрсний орд
Дундговь аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутагт орших тус ордын хайгуулыг социализмын үед улсын хөрөнгөөр хийжээ. Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замаас холгүй оршдог. Тухайн үеийн судалгаагаар 169.2 сая.тонн нөөц тогтоогджээ. “Талын шигтгээ” ХХК лицензийг нь эзэмшдэг бөгөөд одоо ашиглаж байгаа. 2011 онд нөөцийн тодотгол тооцооны ажил гүйцэтгэсэн. 324,9 сая.тн нөөц тогтоогдсон байна.
Манай улс 1970-аад оноос нүүрс шингэрүүлэх чиглэлээр судалгаа хийж эхэлсэн бөгөөд Өвдөгхудагийн нүүрс хамгийн сайн буюу шингэрүүлэх зэрэглэл 90 гаруй хувьтай гарсан байдаг. Өвдөгхудагийн нүүрс, шатах занарын ордуудыг геологийн талаар нарийвчлан судалж заримыг нь туршилтаар ашиглаж үзсэнээс гадна ирээдүйд Тавантолгой, Оюутолгойн чиглэлд тавигдах төмөр замын дагуу оршдог давуу талтай.
3. Баянтээгийн нүүрсний орд
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дахь энэхүү орд аймгийн төвөөс 130 км, Улаанбаатар хотоос 560 км зайд оршино. Ордыг 1961 онд илрүүлсэн бөгөөд 1978 онд нарийвчилсан хайгуул хийж нүүрсний нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр тогтоожээ.
4. Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд
Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт орших энэ ордыг баруун бүсийн хөгжилд чухал нөлөөтэй томоохон орд гэж үздэг. Энд орон нутгийн чанартай уурхай үйл ажиллагаа явуулж байснаа 2001 оноос хувийн хэвшилд шилжсэн. Увсаас гадна Баян-Өлгий аймгийг нүүрсээр хангадаг.
5. Хар тарвагатайн орд
Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумын нутаг дахь Хар тарвагатайн орд 23 сая 430 тонн нүүрсний нөөцтэй нь тогтоогдон одоо ашиглагдаж байна. Тариалан сумын төвөөс 90 км зайд оршдог. Социализмын үед ойролцоохь гурван сум, хилийн заставын хэрэгцээг хангах зорилгоор судалгаа хийж илрүүлжээ. Хар тарвагатайн нүүрсний уурхай 1964 оноос ажиллаж байгаа. Хар Тарвагатайн нүүрсний давхаргын хучаас хурдасны зузаан бага учир ил аргаар ашиглахад уул техникийн нөхцөл нь тохиромжтой. Ордын нөөцийг өсгөх ч боломжтой.
6. Адуунчулууны нүүрсний орд
Дорнод аймгийн Чойбалсан хотоос 6 км, Улаанбаатар хотоос зүүн тийш 665 км-т, Монгол-Хятадын хилээс 100 орчим км-т байрладаг. 1951-1952 онд Баянбулагийн ордын үргэлжлэл талбайд К.Б.Столоковын удирдлагаар хийсэн ураны эрдэсжилт судлах ажлын үр дүнд ордоос зүүн урагш 16 км-ын зайд Адуунчулууны хүрэн нүүрсний ордыг анх илрүүлжээ. 1962 онд нүүрсний нөөц тогтоох, 1965, 1981 онд гидрогеологийн судалгаа, 1975 онд үйлдвэрлэлийн геологи хайгуулын ажил, 1988-1989 онд геологийн нарийвчилсан хайгуулын ажлууд хийгдэж, ордын геологийн хилийн заагийг бүрэн тогтоожээ. Ордын нийт нөөц нь 423,8 сая тн, үүнээс балансын нөөцийг 241.3 сая тн гэж тогтоосон байна.
7. Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд
Дундговийн Сайнцагаан сумын нутаг дахь Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд 923,2 сая.тн нөөцтэйг Орос, Монголын геологичид тогтоосон байна. Энэ нь Тавантолгойн ордын дараа орох нөөц бөгөөд тухайн үедээ манай улсын хүрэн нүүрсний батлагдсан нөөцийн 60 хувийг эзэлж байжээ. Тэвшийн говийн нүүрсний уурхай нь ТЭХГУУ-н яамны сайдын тушаалаар 1990 онд жилдээ 50000 тн нүүрс олборлон борлуулах хүчин чадалтайгаар байгуулагджээ. 3370к/кал илчтэй ил аргаар ашиглах нөөц 500.0 сая тонн гэж тогтоогдсон байна.
8. Талбулагийн хүрэн нүүрсний орд
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь 1970 онд ашиглалтад орсон Талбулагийн ордын уурхай 1997 онд хувьчлагдаж, “Талын гал” компанид очжээ. Төмөртийн Овооны уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор тус үйлдвэр “Дорнод бүсийн цахилгаан шугам сүлжээ” ХК-ийн хамгийн том хэрэглэгч болсон
9. Чандгана талын нүүрсний орд
Чандгана тал нь Хэнтий аймгийн Мөрөн сумын төвөөс зүүн тийш 25 км, аймгийн төв Өндөрхаанаас зүүн тийш 53 км зайд оршино. Чандганы нүүрсийг анх 1941 онд Оросын геологийн хайгуулын судалгаагаар нээсэн бөгөөд 1962-1963 онд нарийвчилсан хайгуул хийжээ. 1967 онд нүүрсний уурхай нээгдэж, жил бүр 20 хүртэл мянган тонн нүүрс олборлон Өндөрхаан хот болон ойр орчмын сумдын хэрэгцээг хангаж ирсэн байна. Энэ ордод хэд хэдэн компани лиценз эзэмшдэг. Ордын нийт нөөц нь 1.2 тэрбум гэдэг.
10. Хөөтийн хонхорын нүүрсний орд
Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь 104,2 сая.тн нөөцтэй Хөөтийн хонхрын хүрэн нүүрсний ордыг 1954-1980 онд улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуулын ажил явуулсны үр дүнд нээн илрүүлсэн. Хөөт нь Улаанбаатар-Сайншандын чиглэлийн төмөр замаас холгүй оршдог.
11. Хөөтийн нүүрсний орд
Дорнод аймгийн Матад сумын нутагт оршдог. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Дорнод аймгийн Хөөтийн хүрэн нүүрсний ордыг 1973-1979 онд А.Дамиран нарын геологчид нээн илрүүлжээ.
12. Налайхын нүүрсний уурхай
Богд хаант Монгол улсын үед хятадууд гар аргаар чулуун нүүрс олборлож, Их хүрээ рүү зөөвөрлөдөг байснаа 1920 онд томоохон уурхай байгуулсан гэдэг. 1922 онд Ардын засгийн газрын тогтоолоор Автономитын үед гадаадынханд олгосон уул уурхайн бүх зөвшөөрлийг хүчингүй болгож, Монголын нутаг дэвсгэр дээрх газрын баялаг эзэмшигчдээс татвар хураах дүрмийг баталж байжээ. 1922 оны арванхоёрдугаар сарын 25-нд хятадуудын ажиллуулж байсан уурхайг Монголын анхны улсын үйлдвэр хэмээн бүртгэн авснаар нийслэл хотыг нүүрсээр хангах зориулалттай бэсрэгхэн үйлдвэр байгуулагдсан юм. 1954-1958 онд технологийн шинэчлэл хийж, Налайхын Их уурхайг барьж байгуулсан байна. Тэр үед 1200-гаад ажилтантай, 200 гаруй инженертэй том уурхай байжээ. 1995 оны нэгдүгээр сарын 15-нд ТЭХГУУЯ-ны Сайдын 111 дүгээр тогтоолоор Налайхын их уурхайг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон түүхтэй. Мөн Налайх нь эргэн тойрондоо алт, мөнгө, цагаан алт, төмөр, хөнгөн цагаан, цагаан тугалга, өнгөт ба усан болор, жонш, шохой зэрэг эрдэс баялгаар арвин.
13. Алагтогоогийн чулуун нүүрсний орд
Дорноговь, Даланжаргалан сумын нутагт оршдог. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн, нэмэлт хайгуулыг хувийн хөрөнгөөр хийсэн. 1998 онд МАК-ийн геологчид Алагтогоогийн орд дээр нэмэлт хайгуул хийж, мөн ондоо нүүрсний уурхайн шав тавьж, улмаар олборлосон нүүрснийхээ анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцад хийсэн байдаг.
14. Зээгтийн хүрэн нүүрсний орд
Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт орших Зээгтийн хүрэн нүүрсний ордод социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ.
15. Могойн голын нүүрсний орд
Могойн голын чулуун нүүрсний орд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт Мөрөн хотоос баруун зүгт 223 км зайтай оршино. Ордыг Хөвсгөл аймгийн Геологи хайгуулын анги 1967-1970 онд нээжээ. 1976-1978 онд Улаанбаатарын геологийн экспедицийн IX анги нарийвчилсан хайгуулаар 15508.6 мянган тонн нүүрсний нөөцтэй хэмээн тооцож, ОХУ-ын стандартаар “Ж” маркад хамаарна гэсэн дүгнэлт гаргаж байв.
16. Сайхан-Овоогийн нүүрсний орд
Сайхан-Овоогийн нүүрсний орд нь Булган аймгийн Сайхан сумын төвөөс баруун хойш 22 км-т оршдог. Геологийн бүтцээрээ дунд Юрийн үеийн настай хурдсаас тогтжээ. 1987-1999 онд геологийн үнэлгээний ажил хийгдэж, ордын төв хэсгээр өрөмдлөг хийж, нүүрсний давхаргууд нь бялхмал чулуулгийн доогуур сунасан хэлбэрээр үргэлжилж байгааг илрүүлэн нөөцийг 34.7 сая.тн гэж тогтоожээ. Сайхан-Овоогийн нүүрс Ж ангилалд багтдаг. 21.7% үнслэгтэй, 10-46% дэгдэмхий бодистой, 0.6% хүхэртэй, 5000-6000 ккал/кг илчлэгтэй.
‘’Сайхан-Овоо’’-гийн нүүрсний орд газарт 1990 оноос өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг тогтоон, Сайхан уулын хойд хэсэгт 14 га газрыг хамарсан талбайд далд уурхай байгуулж, орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангах зорилгоор бага хэмжээгээр ашиглаж иржээ.
17. Баргилтын төмрийн хүдрийн орд
Баргилтын төмрийн хүдрийн орд нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт, Улаанбаатар хотоос 280 км, Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрээс 18 км зайд оршдог. 2007 онд стратегийн ордод нэр дэвшүүлсэн 39 ордод багтахдаа Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй байсан юм. 1984-1987 онд Эрэл геофизикийн цогцолбор экспедици эрлийн ажил хийх явцдаа төмөр болон дагалдах бусад элементүүд, төмрийн хүдрийн чанарыг ордын хайгуулын үед тавигддаг шаардлагын хэмжээнд бүрэн судлаагүй гэсэн шалтгааны улмаас улсын нэгдсэн бүртгэлд аваагүй байна тухайн үед нөөцийг C2=31 сая тооноор тооцож байжээ.
18. Төгрөг нуурын нүүрсний орд
Төв аймгийн Баян сумын нутагт Улаанбаатараас 130 км-т зайтай Төгрөг нуурын хүрэн нүүрсний бүлэг орд оршино. Доод цэрдийн настай хүрэн нүүрс Багануураас Шивээ-Овоо хүртэлх нутагт бий. Энэ бүс нутгийг Чойр-Нялгын сав газар гэх бөгөөд бүрэн судлагдаагүй гэдэг. Төгрөг нуурын нүүрсний бүлэг орд энэхүү сав газарт багтдаг байна.
Энэ орд 20-30 км талбайг хамардаг. 3 тэрбум тонн хүрэн нүүрсний буюу эрчим хүчний нүүрсний нөөцтэй гэсэн геологчдын урьдчилсан таамаг бий. C2+P-3118 сая тонн энэхүү нөөцийг 1980-аад оны хайгуулаар таамаглан тооцжээ. Улсын эрдэс баялгийн нөөцөд бүртгэгдээгүй ч энэ нөөцөөрөө стратегийн ордын хоёр дахь жагсаалтад багтсан Төгрөг нуурын бүлэг ордыг одоо маш олон компани хуваан эзэмшиж байна.
19. Нарантолгойн алтны орд орд
Нарантолгойн алтны орд Төв аймгийн Жаргалант сумын нутагт Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог. 1974-1980 онд Герман-Монголын хамтарсан экспедици Нарантолгойн алтны vндсэн ордод хайгуул хийж нөөцийг тогтоожээ. Нөөцийг B+C1-3158,5кг C2-5219,2кг гэж тооцсон байна. Алтны ордтой Нарантолгой уул нь сумын төвөөс таван километрийн зайтай, тариалангийн талбайн дунд оршдог, 375 га газрыг хамардаг байна.
20. Тавтын алтны орд
Тавтын орд нь алт-мөнгө-зэсийн агуулгатай кварцын судал агуулсан үндсэн ордоос бүрддэг. Тус орд Улаанбаатар хотоос 540 километрийн зайд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт оршдог. Тавтын алтны ордыг 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон нэлээд их хэмжээний зэсийн нөөцтэй гэж тооцоолжээ. Нөөцийн тооцооллоор Тавт ордод C1+C2-1647 кг алт бий гэдэг.
21. Төмөртолгойн төмрийн хүдрийн орд
Монгол Улсын анхны гангийн үйлдвэр болох төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн гурван орд газрыг эзэмшдэг. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Төмөртолгойн төмрийн хүдрийн орд юм. Төмөртолгойн орд нь Улаанбаатар хотоос баруун хойш 230 км, Дархан хотоос зүүн урагш 30 км зайд байрлана. Уг орд нь хатуу хучилттай замаас 15-17 км, Улаанбаатар-Сүхбаатарын төмөр замаас 20-25 км-т, Дархан хотоос Шарын голын нүүрсний уурхай руу явсан төмөр замаас 8-10 км зайд оршдог. Далайн түвшнээс дээш 1057.5 метр өндөрт орших Төмөртолгой хэмээх уулын орой болон бэлийг даган байрладаг байна.
Энэ ордыг Оросын геологич Н.Гилева, В.Малышев, И.Полыщук нар 1960 онд судалжээ. Төмөртолгойн орд дахь хүдэр дунджаар 57,19 хувийн төмрийн агуулгатай. Нөөц нь В+С1=21,3 сая.тн байна. В.Тараниний тогтоосноор ордыг ил аргаар 800м горизонтоос эхлээд доош 200м хүртэлх гүнд ил аргаар ашиглах боломжтой. Төмөртолгойн төмрийн орд нь хүдрийн 7 биетээс бүрдэх бөгөөд Зүүн, Төв болон Баруун гэсэн 3 хүдрийн биет нь харьцангуй хэмжээ томтой, “Зэрэгцээ” хүдрийн биет нь хэмжээгээр том биш, үлдсэн 3 нь илрэл маягийн биетүүд аж.
22. Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд нь нийслэлд хамгийн ойр ордын нэг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг одоогоор ашиглаагүй байна.
Ордын хувьд тийм ч их нөөцтэй бишээс гадна ашиглах боломж багатай гэж салбарынхан үздэг. Баяндавааны бүлэг ордод чухам ямар ордыг хамруулж байгаа нь тодорхойгүй учир ирээдүйд будлиан гарах магадлал их бий гэдэг. Яагаад гэвэл, Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндаваагаар давсан засмал замын дэргэд байрладаг ба Баяндаваа, Баян, Өндөр, Хөхт гэсэн дөрвөн жалганд байгаа 500 тн ч хүрэхгүй бага нөөцтэй жижиг орд юм.
23. Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд
Улаан-Уулын гянтболдын орд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршино. 1980 онд Улаан уулын гянтболдын ордын хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийжээ. Тухайн үед ордын нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр 16 дугаар судалд С1 зэргээр 8,2 мян.тн, С2 зэргээр18,36 мян.тн, 32 дугаар судалд С1 зэргээр 5,75 мян.тн, 9 дүгээр судалд С2 зэргээр17,51 мян.тн, 8 дугаар судалд С2 зэргээр 10,32 мян.тн, 7 дугаар судалд С2-4,52 мян.тн нийтдээ 63 000 тн гэж тогтоосон байна. Талбайн хэмжээ 37.51 га.
24. Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд
Жанчивлангийн цагаан тугалга, гянтболдын бүлэг орд нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Жанчивлангийн рашаанаас баруун урагшаа 2-3 км-т байрладаг. Цагаан тугалга, гянтболдын энэхүү шороон ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийсэн.
25. Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын
Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд Улаанбаатар хотоос 76 км-т буюу Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт байрладаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн энэ ордыг одоо бага хэмжээгээр ашиглаж байгаа. Гянтболдын баяжмал үйлдвэрлэх бага оврын хүдэр боловсруулах үйлдвэр, тоосгоны үйлдвэр зэрэг барилга байгууламжаас бүрдсэн жижгэвтэр уул уурхайн цогцолборыг 1989 онд анх Унгарын Засгийн газраас олгосон техникийн туслалцааны үндсэн дээр байгуулжээ.
26. Мөнгөн-Өндөрийн мөнгөний орд
Мөнгөн-Өндөрийн мөнгө холимог металын орд нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд оршдог. Улаанбаатараас баруун хойш 310 км, Багануурын нүүрсний уурхай болон Отгонцагааны молибден-вольфрамын орд газрын дэргэдэх төмөр замын өртөөнөөс 200 км, Бэрхийн хайлуур жоншны уурхайгаас 90 км зайтай байрладаг. Энэ ордыг 1983-1992 онд нээжээ. Хүдрийн нийт нөөцийг 2.4 сая гаруй тонн, үүнээс мөнгөний гарц нь 478 мянган тонн гэж гэж тогтоосон байна. Нөөц 31,3 сая тонн.
27. Хөх адарын зэс, цайрын орд
Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт орших Хөх адарын зэс, холимог металын орд.
Нөөцийн хувьд зэс 96.7 мянган тонн, хар тугалга 43.2 мянган тонн, цайр 18.2 мянган тонн гэж урьдчилан тогтоосон байна.
28. Шаврын царамын пиропын орд
Анарыг химийн найрлагаар нь альмандин, андрадитын гэж хоёр хэсэгт хуваадгийн альмандины хэсэгт пироп /анарцэнт/ ордог байна.
Монголд анарын судалгаа, хайгуулыг 1970-1990 онд Архангай, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн нутгаар хийж, Архангай аймгийн Тариат сумын Шаварын Царам гэж газраас орд нээж, анарцэнт /пироп/, алтан чулуу /хризолит/ олборлож эхэлсэн байдаг. Энд доржпаламын дагавар гэгддэг анарцэнт, алтан чулуунаас гадна саран чулуу, болор, гялтгануур зэрэг эрдэс бий. Шаварын Царамын өнгөт чулууны орд газарт 1974-1977 онд эрэл үнэлгээ, урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийгдсэн байдаг. 1978-1980 онд үйлдвэрлэлийн туршилт явуулсны үр дүнг харгалзан 1981 онд нөөцийн тооцоонд тодотгол хийж, 1982 онд үндсэн ба шороон ордын нөөцийг тогтоожээ.
29. Шүдэн уулын чулуун давсны орд
Увс аймгийн Давст сумын төвөөс 18 км зайд орших цул давсан уулыг Монгол төдийгүй Ази тивийнхний давсны хэрэгцээг хэдэн жилдээ хангахуйц орд хэмээн үнэлсэн нь бий. Ордыг 1973 онд “давсны” хэмээн алдаршсан геологич Ж.Сумьяа нээснээр 1974 оноос ашиглаж эхэлжээ. Нутгийн иргэд 300 гаруй жилийн тэртээгээс ашиглаж байсан баримт бий.
Шүдэн уулын Давсны уурхай Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харьяанд үйл ажиллагаа явуулж байжээ. Ордын давсны давхаргын зузаан 9-50 м, нийт нөөц 73.2 сая тонн бөгөөд эдгээр үзүүлэлтээрээ дэлхийд томоохонд тооцогддог байна. Энэхүү давсан орд дэлхийн хуурай газар ургасан цөөхөн давснуудын нэг. Шүдэн уулыг хэдэн сая жилийн өмнө тэнгисийн ёроолд ургасан гэж үздэг бөгөөд тэнгисийн ус ширгэхэд үлдэж хоцорсон давст уул юм. Монгол орны бусад давсан ордыг бодвол насжилтын хувьд хамгийн эртнийхэд тооцогддог.
30. Ширээ уулын гөлтгөнийн орд
Цементийн гол түүхий эд болох гөлтгөнийн дөрвөн том орд манай улсад байдгийн нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ширээ уулын гөлтгөний орд юм. Энэхүү ордод 1958-1960 онд эрэл, хайгуул, 1985-1986 онд урьдчилсан болон нарийвчилсан хайгуул хийгдэж, нөөцийг 4450.7 мянган тонн гэж тогтоожээ.
31. Өвдөг худагийн хүрэн нүүрсний орд
Дундговь аймгийн Өндөршил сумын нутагт орших Өвдөгхудагийн хүрэн нүүрсний ордод улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ. Тухайн үед нөөцийг А+B+C1-114.5 сая тонн хэмээн тогтоосон байна.
32. Цайдам нуурын хүрэн нүүрсний орд
Цайдам нуурын хүрэн нүүрсний орд нь Улаанбаатар хотод хамгийн ойрхон байршилтай. Төв аймгийн Баян сумын нутагт, Улаанбаатараас 117 км-ын зайд оршино. Дэд бүтцийн хувьд маш тааламжтай нөхцөлд байрших бөгөөд Улаанбаатар-Чойрын хатуу хучилттай замаас зүүн зүгт 27 км, төмөр замаас 28 км зайд оршдог.
Багануурыг нээсний дараа урд хөндийгөөс нь маш их нүүрсний нөөц илрүүлснийг Цайдамын орд хэмээн нэрийджээ. Тухайн үед 1:50000 масштабтай зураглал хийж байсан геологичид энэ ордыг илрүүлсэн гэдэг. Нөөцийг ойролцоогоор зургаан тэрбум тонн гэж тогтоож байжээ.
33. Цагаан цавын цеолитын орд
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт орших энэхүү орд нь Сайншандаас зүүн өмнө зүгт 45 км-т, Улаанбаатараас 540 км зайд төмөр замын дагуу өндөр хүчдлийн шугамаас 23 км зайд оршино.
Цагаан цавын ордыг социализмын үед геологич Д.Иванжав ахлагчтай судлаачид хайгуул шинжилгээний ажил явуулж, нөөц ба цеолитын клиноптилолитын агуулгыг тогтоосон байна. Орд нь цэрдийн галавын үеийн галт уулын ба тунамал чулуулгуудын үүсэлтэй. Нарийвчилсан судалгаа хийж үзэхэд байгалийн цеолитын төрөл дотроос үйлдвэрлэл, ХАА-д онцгой тохиромжтой клиноптилолит төрөл болох нь тогтоогдсон байна. Ордын 1.6 ам километр талбайд зөвхөн клиноптилолит цеолит тархжээ. Нийт нөөц нь 30-95 хувийн клиноптилолитийн агуулгатай бөгөөд үүний 6 сая тонн нь 60-90 хувийн клиноптилолитийн агуулгатай юм. Ордын нийт нөөц нь 179 сая тонноор үнэлэгддэг.
34. Манхан уулын фосфоритын орд
Фосфоритын нөөцөөр Монгол улс дэлхийд тэргүүлэх арван орны нэгд багтдаг. Дэлхийд нийт 155 тэрбум тонн фосфоритын нөөц байдгийн 4-5 хувь нь манайд оршдог байна. Монгол орон дотроо Хөвсгөлийн болон Завханы фосфоритын ай сав гэж бий. 1974-1988 онд улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулаар Хөвсгөлийн фосфоритын ай сав газруудад 20 орчим орд нээж, 1.6 тэрбум тоннын нөөц илрүүлсэн нь нөөцийн хэмжээгээр Төв Азид томд тооцогддог байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт фосфоритын томоохон нөөцүүд байдгийн нэг нь Манхан уулын орд юм.
35. Онгилог нуурын фосфоритын орд
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутагт оршдог фосфоритын орд. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Онгилог нуур нь Хөвсгөл далайн баруун урд хэсэгт оршдог.
36. Лугийн голын газрын ховор элементийн орд
Газрын ховор элементийн энэхүү орд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, К-49-37, К-49-25 координатад байрлалтай бөгөөд 5472 м2 талбайг хамардаг. Улаанбаатар хотоос 750 км, Оюутолгойгоос 160 км, Тавантолгойн ордоос 300 км, төмөр замын шугамаас зүүн зүгт 300 км орчимд байрладаг.
Манай улсын хувьд газрын ховор элементийн судалгааг 1985 оноос ЗХУ болон Польштой хамтран хийж эхэлсэн байна. Лугийн голын ордод Монгол-Польшийн хамтарсан экспедиц нарийвчилсан эрэл хайгуул хийсэн бөгөөд тухайн үед уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоож байжээ.
37. Хонгорын жоншны орд
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь хайлуур жоншны ордод социализмын үед улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийжээ.
38. Улааны цайр, хар тугалгын орд
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны хар тугалга, цайрын ордын нарийвчилсан хайгуулыг ЗХУ-ын уул уурхайн яамны харьяа Геологи хайгуулын газар хийж, 1986 онд нарийвчилсан хайгуулын ажлын тайланг тушаажээ. Ордын нөөцийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уул уурхайн нөөцийн Улсын комиссын 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот шийдвэрээр баталсан байдаг. Баталсан нөөцөөр бол тус ордод 38826.5 мянган тонн цайрын хүдэр бий гэх бөгөөд үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоо хийжээ. Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнvvд 98-272 тонн бийг тухайн үед геологчид тогтоож байжээ. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг.
39. Цавын цайр, хар тугалгын орд
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Цавын орд нь манай улсын цайр, хар тугалгын томоохон ордын нэг. Энэ ордоос 123 мянган тонн цайр олборлох тооцоо гаргасан байдаг.