
Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгээрээ МИТЕМ олон улсын театрын наадмын нээлтэд оролцохоор УДЭТ-ын 76 уран бүтээлч Унгар улсын нийслэл Будапешт хотыг зорилоо.
Энэ бол Монгол Улсын театрын урлагийн хөгжлийг нэг шат ахиулж буй онцгой үйл явдал төдийгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “GoMongolia” үндэсний брэндийн хүрээнд үндэсний соёл, өв уламжлалаа олон улсад сурталчлан таниулах боломж юм.

“Тэнгэрийн хүү” жүжиг Монголын төрт ёсны эх суурь болсон Хүннү гүрний Модун шаньюйн түүхийг өгүүлсэн, үндэсний ухамсар, язгуур соёл, нүүдэлчдийн гүн ухаан, эх оронч үзлийг урлагийн хэлээр дэлхийн үзэгчдэд хүргэнэ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин:
“2025 онд Монгол, Унгар хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойтой золгож байна. Энэхүү ойг урлагийн бүтээлээр дамжуулан тэмдэглэж, хоёр ард түмний сэтгэл зүрхийг илүү ойртуулж байгаад бэлгэшээж байна. Энэ нэр хүндтэй наадамд эх орноо төлөөлөн оролцож буй нийт уран бүтээлчдэдээ амжилт хүсье” гэлээ.