
Баянхонгор аймгийн Үндэсний бөхийн холбоо, Хонгор нутаг бөхийн дэвжээ, Биеийн тамир спортын газраас санаачлан “Найзууд алтан цом” өсвөрийн бөхчүүдийн халз барилдааныг Баянхонгор суманд дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.
Хүүхэд, залуучуудад биe бялдрын өв тэгш, хүмүүжил олгох, үндэсний бөхийн өв уламжлалаа бататган хөгжүүлэх, ирээдүйн аварга болохын төлөө хэрхэн хичээх талаар багачууддаа сургамж, зөвлөгөө, урам зориг өгөхөөр Баянхонгор аймгийн үндэсний бөхийн холбооноос олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ ажээ.
Улсын хэмжээнд өсвөрийн бөхчүүдийн дунд хамгийн өндөр шагналын сантайд тооцогдох халз барилдааны нээлтэд урилгаар Дархан аварга А.Сүхбат, Улсын харцага Д.Батболд, Улсын начин Б.Эрдэнэхүү, Улсын начин Э.Батмагнай нарын хүчит бөхчүүд оролцож хонгор нутгийн хөвгүүдэд амжилт хүссэн юм.


Монгол Улсын гавьяат тамирчин, улсын дархан аварга Агваансамдангийн Сүхбат Хонгор нутгийн хүүхэд, залуучуудад биe бялдрын өв тэгш, хүмүүжил олгох, үндэсний бөхийн өв уламжлалаа бататган хөгжүүлэх, ирээдүйд аварга болоход юуг анхаарах талаар сургамж хэлж, өөрийн номоо дурсгалаа. Мөн дараагийн тэмцээнд зорин ирж бөх сонирхогч хүүхдүүдэд монгол бөхийн өв соёлын талаар тусгайлан хичээл заана гэдгээ илэрхийлсэн юм.
15 сая төгрөгийн шагналын сантай энэхүү тэмцээнд Баянхонгор аймгийн 20 сум, 30 багийн 300 гаруй өсвөрийн бөх багш, дасгалжуулагчдын хамт оролцлоо.
Тэмцээний тэргүүн байрыг “Номун далай” цогцолбор сургуулийн баг, дэд байрыг Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургуулийн баг, гуравдугаар байрыг “Соого Сейкео” сургуулийн баг, тусгай байрыг Эрдэм ахлах сургуулийн баг тус тус эзэллээ.





Тэмцээний санхүүжилтийг аймгийн үндэсний бөхийн холбооноос олгосны зэрэгцээ “Гэгээн сумади” сургууль, 80К outlet дэлгүүр болон бусад хувь хүмүүс дэмжсэн байна.