
Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан зохион байгуулах “UB food” фестиваль энэ сарын 08-14-ны өдрүүдэд төв талбайд болно.
Энэ удаагийн фестивалиар Бүгд Найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцлохын зэрэгцээ Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээх юм.
Узбекистан улсын Ташкент хотын мастер тогооч нар өдөр бүр 12:30 цагт 2-3 тонн узбек плов үйлдвэрлэж гаргана. Үүнээс гадна самса, лагма, шашлык зэрэг олон төрлийн хоолыг хийж үйлчилнэ.
“UB food” фестивальд зориулан 4000 гаруй хүний багтаамжтай асрыг төв талбайд барьж байна. Иргэд том асарт орж узбек хоолоор үйлчлүүлэх бол 5000 төгрөгийн төлбөр төлж хүссэнээрээ хоол идэх, амтлах боломжтой.
Асар дотор монгол уламжлалт гурилтай шөл болон бусад хоолоор ч үйлчилнэ. Асраас хоолоо аваад гадна талд нь суугаад идэх боломжоор хангаж, хиймэл зүлэг байгуулж байгаа аж.
Фестивалийн үеэр дараах үйл ажиллагаанууд болно:
-Dj үзүүлбэр, Open Mic болон “Бага тойрог” урлагийн тоглолт
-Узбекистан улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа
-Улаанбаатар театрын болон “Анир” поп оркестрийн тоглолт
-Амьд хөгжмийн концерт, олон төрлийн хоолны уралдаан, тэмцээнүүд