
Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугараас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд байгаа юм.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар гарах эерэг нөлөөллүүдийн талаар УИХ-ын гишүүн Э.Батшугараас тодрууллаа.
-Хуулийн төсөл батлагдсанаар ямар эерэг нөлөөллүүд гарна гэж та үзсэн бэ?
-Хуулийн төсөл батлагдсанаар зээлдэгчийн зээлжих зэрэглэлийг тогтоох онооны нэгдсэн аргачлалтай болох бөгөөд банк, санхүүгийн салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, салбарын тогтвортой хөгжил, хүртээмжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Нарийвчилж хэлбэл, нэгдүгээрт, Монголбанкны хар жагсаалт байхгүй болно. Өнөөдөр зээлийн мэдээллийн санд 1.6 сая иргэний мэдээлэл байгаагаас 200 мянга нь хар жагсаалтад орсон байгаа. Хар жагсаалт гэгч зүйл бол үнэхээр харгис санхүүгийн ял. Жишээ нь: Зээлээ дунд нь тодорхой хэд хоног төлөөгүй байвал тэр зээлээ эргэн төлөөд дууссан ч зургаан жилийн хугацаанд хар жагсаалтад байлгадаг. Энэ бол үнэхээр харгис, бас хоцрогдсон санхүүгийн систем. Энэ хоцрогдсон системийг болиулаад онооны системд оруулъя гэж байгаа юм. Онооны системд орсноор хар жагсаалт байхгүй болно. Хар жагсаалтад орохгүй, онооны системтэй болоод тэр нь илүү уян хатан байна. Хамгийн муу зээлдэгч бага оноотой, сайн зээлдэгч хамгийн сайн оноотой байна. Муу зээлдэгч болж бага оноотой болсон байлаа ч зээлээ цаг хугацаанд нь төлөөд явбал оноо нь сайжраад явна гэж ойлгож болно. Мөн зээлийн хүү нийтээрээ буурах нөхцөл бүрдэнэ.
-Зээлийн хүү хэрхэн буусан талаарх судалгаануудаас та дурдахгүй юу?
-Дэлхийн улс орнуудын судалгааг харахад ийм нөлөө үзүүлсэн байдаг. Би 28 орны судалгааг харлаа. Эндээс харахад, зээлийн онооны системтэй болсны дараа зээлийн хүү 3.4-3.6 хувиар буурсан байна. Яагаад гэвэл, бусад санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөх нөлөөг нь арилгачихаж байна гэсэн үг.

-Онооны системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгвөл? Онооны системийг хаанаас тогтоох уу?
-Онооны системийн талаар Монголбанк журам батална гэсэн үг. Гадны улс орнуудад төрийн байгууллага журмыг баталж, хувийн хэвшил нь мөрдөөд явдаг жишигтэй. Өнөөдөр манайд банк санхүүгийн байгууллага нь давуу эрхтэй, иргэд эрхийн хувьд дутагдалтай байна.Тодруулбал, иргэн ямар нэгэн банкны харилцагч болоход банкууд дотооддоо үнэлгээний системтэй байдаг бөгөөд тэр системээ гадагш нь задалдаггүй. Тэгэхээр тухайн банкны нөхцөлөөр л санхүүгийн үйлчилгээ авч байгаа юм. Харин онооны системтэй болчихвол бусад банк, санхүүгийн байгууллагад оноогоо үзүүлээд үйлчилгээ авч болно гэсэн үг. Хоёрдугаарт, банкны зардал буурна. Банкны нийт зардлын 63 хувь нь эх үүсвэрийн зардал байна. Энэ нь хадгаламжийн хүү гэж ойлгож болно. 15 хувь нь эрсдэлийн зардал, 22 хувь үйл ажиллагааны зардал. Онооны системтэй болсноор эрсдэл болон үйл ажиллагааны зардлаас хэмнэлт хийж болно. Яагаад гэхээр тухайн иргэний эрсдэл ойлгомжтой байхаас гадна эдийн засагчид зээл олгохдоо судалгаа хийж цаг зарцуулахгүйгээр, оноог нь хараад зээл олгож болно. Ингэхээр хагас өдөрт л зээл гаргадаг болно. Иргэний зээлийн оноо нь биет бус санхүүгийн хөрөнгө гэж ойлгож болж байгаа юм. Ингэснээр иргэд илүү сахилга баттай болно. Дараагийн эерэг нөлөөлөл нь заавал өндөр, их хэмжээний барьцаа хөрөнгөтэй зээл өгнө гээд байхгүй болно. Зээлийн оноо нь иргэдийн биет бус хөрөнгө болж байгаа учраас үүгээрээ барьцаалаад зээл авна гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.