
Иргэн нь иргэний үнэмлхээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд дахин авахаар улсын бүртгэлийн байгууллагад ханддаг.
Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнийг бүртгэлийн тогтоосон журам зөрчсөн гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулж, торгуулийг төлсний дараа дахин үнэмлэх олгосоор ирсэн.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас, “Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэнд 30.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй” гэж үзэн шүүхэд хүргүүлжээ.
Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор “Монгол улсын иргэний үнэмлэхийн дүрэм”-ийг баталсан. Энэхүү дүрмээр иргэнд иргэний цахим үнэмлэхээ цэвэр гамтай эзэмших, ашиглах үүргийг хүлээлгэсэн байдаг. Иргэн нь иргэний үнэмлэхийнхээ харагдахуйц байдал, мэдээлэлд санаатайгаар өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж прокурор дүгнэсэн байна.
Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээс прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.
Шүүхээс, иргэн нь иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас торгох шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд иргэн та иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд торгууль төлөхгүйгээр дахин авна гэсэн үг юм.