
Йордан улсын Амман хотод зохион байгуулагдаж байгаа чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 68 кг-д Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртээд байсан бол нэг мөнгө, нэг хүрэл медаль нэмж авлаа.
Эмэгтэйчүүдийн 65 кг-д хүч сорьсон Т.Энхжин аваргын төлөөх барилдаанд Японы бөх, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Мива Морикавад 6:2-оор ялагдан мөнгөн медалийн болзол хангалаа.
Т.Энхжин хоёр жил дараалан тивийн аваргад үзүүрлэж байна.


Мөн эмэгтэйчүүдийн 72 кг-д хүч сорьсон З.Болортунгалаг хүрэл медалийн төлөөх барилдаанд залуучуудын олимпын мөнгө, хүрэл медальт, өсвөр, залуучуудын Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-ий 5-р байрын шагналт Узбекистаны Светлана Окназароваг даралтаар цэвэр яллаа.
З.Болортунгалаг тивийн АШТ-ээс тав дахь хүрэл медалиа хүртэж байна.



Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)