
Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан Д.Цогтбаатарт анхан шатны шүүхийн шийдвэрээр 20 сая төгрөгөөр торгож нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил хассан ялыг Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээснээр Даваагийн Цогтбаатар гишүүн нь гэмт хэрэг үйлдсэн болох нь эцэслэн шийдвэрлэгдсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ…” заасны дагуу шүүхийн шийдвэрийг зайлшгүй биелүүлэх зарчмыг тодотгожээ.
Улсын Их Хурал нь нийтийн албанд хамаарах тул Д.Цогтбаатар гишүүнийг эгүүлэн татах үндэслэл болоод байгаа юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9.1.5-д буюу шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай нь тогтоогдсон гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд саналаа илээр гаргаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүнийг эгүүлэн татахыг дэмжсэн бол Улсын Их хурлаас тогтоол гарахаар байсан.
“Хөгжлийн банк”-ны хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг чөлөөлөх нөхцөл бүрдсэн ч шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэх боломжгүй гэх байр суурийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өгөөд байгаа юм.
Түүнчлэн шүүхээс ял сонссон УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар өөрийн ял эдлэх хугацаагаа хойшлуулах хүсэлт гаргасныг эх сурвалж нотоллоо.
Тэрээр Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хандаж, шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж өгөх хүсэлтээ хүргүүлжээ.
Гэхдээ түүний хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүхийн тогтоолын биелэлтийг хойшлуулах нь зөвхөн хорих ялтай тохиолдолд үйлчилнэ. Тодруулбал: Анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно гэж хуульд заасан.
Даваагийн Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэргээр ял сонсохдоо 20 сая төгрөгийн торгууль болон нийтийн албанд ажиллах эрхээ 2 жилээр хасуулаад байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хувьд “Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Дээд шүүхээс гаргасан шийдвэртэй танилцаж, гардаж авсан. Тэглээ гээд надад холбогдуулаад байгаа гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биш. Үндсэн хуулин дээр “УИХ-ын гишүүн гэж хэн бэ. Хүний сонгох, сонгогдох эрхийн талаар” дурдсан байдаг. “Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс татгалзуулна” гэж заасан байдаг. Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэц тайлбарлана. Түүнээс биш Дээд шүүх, дуртай нэг хуульч, сэтгүүлч ямар нэг өнцөг гаргаж, хуулийг өөрсөддөө ашигтайгаар тайлбарлах эрх байхгүй” гэж хэд хоногийн өмнө хэлж байв.
Даваагийн Цогтбаатар 2003 онд Баянхонгор аймаг, 2-р 10 жилийн сургууль, 2007 онд СЭЗДС төгссөн, санхүүч мэргэжилтэй.
2007-2012 онд Голомт банк, Эдийн засагч
2012-2015 онд Голомт банк, Баянхонгор салбарын захирал
2016-2020 онд Монгол Улсын Хөгжлийн банк, Хэлтсийн захирал
2021-2023 онд Хаан банк, Салбарын удирдлагын газрын захирал
2024 онд Хадгаламжийн Даатгалын Корпораци, Газрын захирал
2024 оноос Улсын Их Хурлын сонгуулийн 1-р тойрогт нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нэгэн.