
Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50153, мөрдөн байцаалтын 2892 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Эдгээрийн 6 хэрэг нь авлига, албан тушаалын хэрэг байна. Тухайлбал:
– Нийслэлийн прокурорын газраас дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Д.Б нь ашиг сонирхлын үүднээс бусдын орон сууцны эд хөрөнгийн барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсний хариуд хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл.Нийтийн албан тушаалтан хахууль авах
2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
2.Энэ гэмт хэргийг нийтийн албан тушаалтан, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.