
“Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгууллаа.
Уг хэлэлцээрийн хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн монгол оюутнууд Чехийн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудад суралцах агаад хоёр улсын дээд боловсролын сургалтын байгууллага хоорондын солилцоогоор бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнуудыг богино хугацаатайгаар илгээж байхаар тогтлоо.
Талууд хоёр улсын хэл, соёлыг суралцах, мэдлэгийг гүнзгийрүүлэх зорилгоор жил бүр монгол, чех хэл, уран зохиолын зуны сургалтад хамрагдах гурван судлаачдад харилцан тэтгэлэг олгодог байсан туршлагыг сайшаан уг хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
Мөн хоёр улсын дээд боловсролын байгууллага хоорондын шууд хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хоёр улсын төрийн өмчийн дээд боловсролын байгууллагад монгол хэл, уран зохиолын болон чех хэл, уран зохиолын нэг багшийг харилцан илгээх асуудлыг судлан үзнэ гэлээ.
Түүнчлэн, хэлэлцээрийн хүрээнд богино хугацаагаар солилцох багш нарын тоо хоёр байсныг тав болгон, солилцооны хугацаа хоёр сар байсныг таван сар болгон нэмэгдүүллээ.