
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс зохион байгуулсан хэлэлцүүлгийн үр дүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон зогссон 17 барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин удаашралтай баригдаж буй болон царцаагдсан барилга байгууламжийн төлөвлөлт, хяналтыг сайжруулах нь” сэдвээр 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулсан юм.
Энэ үеэр, 2009-2024 он хүртэл 15 жилийн хугацаанд он дамнан барилга, угсралтын ажил удааширсан, зогссон болон асуудалтай 51 барилга байгууламжуудыг нийт 215 тэрбум төгрөгөөр санхүүжигдэхээр анх төсөвт суулгаж гэрээний дагуу 88,2 тэрбум төгрөгийн төсвийг олгосон байгаа талаар асуудал дэвшүүлэн ярилцсан юм.
Эдгээр 51 барилгын 90 орчим хувь нь сургууль, эмнэлгийн байр, дотуур байр, спорт заал байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид улсын хэмжээнд он дамжин баригдаж буй барилга байгууламжийн шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, зөвлөмж гарган холбогдох байгууллагуудад хүргүүлсэн юм.
Хэлэлцүүлгийн үр дүнд, удаашралтай болон ажил зогссон барилга байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүн гарч байгаа ажээ.
Тухайлбал, 51 төсөл арга хэмжээнээс 12 барилга байгууламжийн гэрээг цуцалж, 2 төсөл арга хэмжээг ашиглалтад хүлээлгэн өгч, 3 барилга байгууламжийн үлдэгдэл ажлын тоо хэмжээг баталгаажуулан төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлснээр, нийт 17 төсөл арга хэмжээний асуудлыг шийдвэрлэжээ.
Геронтологийн төвийн барилга
Спорт цогцолборын барилга