
Прокурорын байгууллага 2025 оны 02 дугаар сарын 10-наас 14-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48773, мөрдөн байцаалтын 2877 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 253 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, иргэн А.Г нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын 7 иргэнд давуу байдал бий болгох, Монгол Улсаас гаргахгүй байх зорилгоор Гадаад иргэн харьяатын газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр санал болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл.
1.Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.