
Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 189 дүгээр анги, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Легал полиси” ХХК, “Увс Нуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Сүүнгийн Туяа” ХХК, “Булган Хангай” дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэлээ.
Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Степ Гоулд” ХХК, “Цагаан Сор” ХХК, “Бүрэн Дуулга” ХХК, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Нэгдэл” клуб, ШШГЕГ-ын 427-р анги, “Батхаан Транс” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын заан Д.Хүдэрбулга нар шалгарсан юм.

Наймд улсын аварга О.Хангай, улсын харцага Н.Золбоо, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Д.Амарсайхан нар үлдлээ.

Тус барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөх тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.
Улсын цолд ойрхон бөхөөр аймгийн хурц арслан Д.Алтанцоож тодорсон бол “Уран барилдааны шагнал”-ыг аймгийн заан С.Доржпаламд гардуулсан юм.
Нэрэмжит барилдаанаа зохион байгуулж буй МҮБХ-ны тэргүүлэгч, улсын ахлах цэц, Монгол улсын начин Д.Цогзолдоржид МҮБХ болон гэр бүл, ахан дүүс, найз нөхөд, нутгийн зон олон, бөхчүүд, нэгэн үед барилдаж явсан бөхчүүд, шавь нар зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүллээ.