
БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам хоёрдугаар сарын 7-14-ний өдрүүдэд болж, 34 орны 1275 тамирчин 11 спортын 64 төрөлд өрсөлдлөө.
Энэ удаагийн наадмаас есөн орон медаль хүртсэн бөгөөд БНХАУ-ын баг 85 медаль (32 алт, 27 мөнгө, 26 хүрэл)-тайгаар тэргүүллээ.
Монгол улсаас дөрвөн спортын долоон төрөлд 28 дасгалжуулагч, 35 тамирчин оролцож, зарим төрөлд анхдагч амжилт үзүүлсэн юм.
Азийн өвлийн наадмын хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.
Наадмын маскот буюу бэлэг тэмдэг “Бинбин”, “Нини” нь Харбины барын хүрээлэнд 2023 оны есдүгээр сард мэндэлсэн сибирийн барын зулзага бөгөөд Хятад улсын өргөн уудам нутаг болон Харбин хотноо тавтай морилохыг илтгэжээ.
Наадмын уриа: “Dream of Winter, Love among Asia – Өвлийн мөрөөдөл, Азийн хайр”
Медаль: Азийн өвлийн наадмын медалийн нүүрэн хэсэгт мөсөн зам дээр уян хатнаар гулгаж буй өвлийн спортын тамирчныг Азийн өвлийн наадмын эмблемийн хамт дүрсэлсэн байна. Харин медалийн ард хэсэгт өвлийн наадам зохион байгуулагдаж буй Харбин хотын эргэн тойрон дахь үзэсгэлэнт байгалийг дүрсэлжээ.
Азийн өвлийн спортын X наадмыг 2029 онд Саудын Араб улсын Неом хотод зохион байгуулна.
Азийн олимпын хороо, “Харбин-2025” Азийн өвлийн наадмын зохион байгуулах хорооны дарга нар Азийн олимпын зөвлөлийн тугийг “Неом-2029” Азийн өвлийн спортын наадам зохион байгуулах хорооны даргад гардууллаа.


