
Монголын үндэсний бөхийн холбоо шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг хэрэгжүүлж эхлээд байна.
Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдааны дараа улсын заан С.Сүхбат 2800 оноогоор чансааг тэргүүлж, улсын начин Ч.Батчулуун 2650 оноогоор, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр 2450 оноогоор, улсын аварга О.Хангай 2200 оноогоор, улсын арслан Ц.Бямба-Отгон 2200 оноогоор эхний тавд жагсаж байв.
Тэгвэл өнгөрсөн ням гарагт болсон “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны дараа чансаа шинэчлэхэд өмнөх чансааны 5-д бичигдэж байсан Улсын арслан Ц.Бямба-Отгон 3300 оноогоор тэргүүлж эхэллээ.
Харин анх чансаа тогтоож эхэлсэн цагаас хойш тэргүүлж байсан заан С.Сүхбат, начин Ч.Батчулуун, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар нэг байр ухарч, харцага Э.Даш айргийн тавд багтсан байна.
Чансааны 9 дүгээрт бичигдэж байсан аймгийн хурц арслан Д.Алтанцоож 6 дугаар байрт эрэмбэлэгдэж, улсын аварга О.Хангай гурваар ухран 7 дугаарт бичигджээ.
Чансааны 8 дугаарт улсын начин Д.Амарсайхан, 9 дүгээрт улсын начин Э.Батмагнай, 10 дугаарт улсын заан М.Лхагвагэрэл нар эрэмбэлэгдсэн бол “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд үзүүрлэсэн улсын заан Б.Бат-Өлзий арваннэгдүгээр байранд жагслаа.
Бөхчүүдийн чансааг:
2024-09-08: Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан, “Нутгийн Буян” группийн нэрэмжит барилдаан
2024-10-27: Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаан
2024-11-02: Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаан
2024-11-26: Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойд зориулсан барилдаан
2024-12-29: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан
2025-01-13: Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан
2025-02-09: Баянзүрх хайрханы хишиг барилдаан зэрэг барилдаануудын оноогоор шинэчилжээ.