
Аялал жуулчлалын салбарын төлөөлөл, бизнес эрхлэгчид, мэргэжлийн байгууллагууд болон 21 аймгийн төлөөлөгчид оролцсон “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд салбарын хөгжлийн ололт, амжилт, тулгарч буй сорилтуудыг хэлэлцэж, цаашдын хөгжлийн стратегийг тодорхойлох өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөх аж.
Өнгөрсөн онд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, салбарын нийт орлого 1.6 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд амжилтыг тогтоосон юм.
Энэхүү амжилтыг бататган, аялал жуулчлалын хөгжлийг дараагийн түвшинд хүргэхэд хамтран ажиллах зорилгоор “Аялал жуулчлалын долоо хоног” арга хэмжээг зохион байгуулж байна.
Монгол Улс 2030 он гэхэд жилдээ 2 сая жуулчин хүлээн авч, нэг жуулчны дундаж зарцуулалтыг 4000 ам.долларт, салбарын нийт орлогыг 8 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бүсчилсэн хөгжил, нэгдсэн стратеги, инновац, дэд бүтцийн сайжруулалт, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг олон талт ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
2025 онд олон улсын түншлэлүүдийг өргөжүүлэх чиглэлд, БНХАУ-д зохион байгуулагдах China International Travel Mart үзэсгэлэнд Монгол Улс албан ёсны түнш орон болж оролцох бол United Airlines Монгол Улс руу нислэг үйлдэнэ.
Цахим хөгжил, маркетингийг шинэ шатанд гаргах чиглэлд, “Go Mongolia” брэндийн хоёрдугаар үе шат эхэлж, Монголыг олон улсад нэгдсэн маркетингийн бодлогоор сурталчлах ажил өрнөхийн зэрэгцээ Монголын анхны “Аялал жуулчлалын сургалтын төв” ашиглалтад орох ажээ.
Trip.com-той хамтран ажиллаж эхэлснээр 500 сая хэрэглэгч Монгол Улсыг зорих боломж бүрдээд байна. Мөн Монголын нэгдсэн цахим аялал жуулчлалын платформийг хөгжүүлж байгаа юм.




