
Өрхийн эрүүл мэндийн төвд нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Н.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдыг дадлагажигч эмчээр томилон, ажил эрхлээгүй байхад улсын төсвөөс 24.5 сая төгрөгийг цалин олгосон байна.
Мөн бусдыг хөдөлмөр эрхлээгүй байхад цалин олгохоор шийдвэрлэн 13 сая төгрөгийг шилжүүлэн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгожээ.
Прокурорын байгуулагаас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.