
БНХАУ-ын Харбин хотноо 3 өдрийн дараа нээлтээ хийх Азийн 9 дэх удаагийн наадам хоккей, кёрлингийн төрлөөр эхлээд байна.
Монгол Улсаа төлөөлж кёрлингийн холимог хосын төрөлд Булганхүүгийн Баяр, Ганбатын Энхзаяа нар өрсөлдөж байна.
Кёрлингийн төрлөөр манай улсын баг дэлхийд ранкаар дээгүүрт зогсох 11 улсын шигшээ баг тамирчидтай өрсөлдөх юм.
Монголын шигшээ баг Япон, Кувейт, Хонконг, Хятадын Тайвань зэрэг улсуудтай нэг хэсэгт багтсан. Манай тамирчид дөнгөж сая Кувейтын хүчирхэг багтай эн тэнцүү өрсөлдөн 6:5 аар ялагдлаа. 14 цагт Японы шигшээ багтай өрсөлдөнө.
Монгол Улсад кёрлингийн спорт холбоо 2013 онд байгуулагдаж, 2022 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулжээ.
Кёрлингийн шигшээ баг Б зэрэглэлийн өсвөрийн дэлхийн аваргад өрсөлдөж байсан бол насанд хүрэгчдийн төрөлд олон улсын анхны том тэмцээн нь Азийн өвлийн наадам болж байна.



