
Азийн 9 дэх удаагийн өвлийн наадам энэ сарын 7-14 нд БНХАУ-ын Харбин хотноо болно.
Харбин хот нь 29 жилийн дараа хоёр дахь удаагаа Азийн өвлийн наадмыг хүлээн авч байгаа юм.
Уг наадамд өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх, үдэн гаргах ёслол Монголын үндэсний олимпын хороонд боллоо.
Үйл ажиллагаанд Олон улсын олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч, Азийн өвлийн 9 дэх удаагийн наадамд өрсөлдөх Монголын багийн ахлагч Б. Жавхлан, ССАЖЗЯ-ны сайд Ч. Номин, БТСУХ-ны дарга О. Баттулга тэргүүтэй албаны төлөөлөл, шигшээ баг тамирчид оролцов.
Өвлийн наадам биатлон, гүйлтийн цана, кёрлинг, уулын цана, уран гулгалт, снөүборд, хоккей, тэшүүр, шорт трейк, фристайл, цанаар авирах 6 спортын 11 төрлийн 64 зай, ангилалд болох бөгөөд 34 орны 1275 тамирчин хүч сорих юм.
Монгол Улсын шигшээ багийн 35 тамирчин энэ удаагийн наадамд 4 спортын 7 төрөлд өрсөлдөнө.
1986 онд анх удаагаа зохион байгуулагдсан өвлийн наадамд Монгол Улсын шигшээ баг тамирчид тасралтгүй оролцож нийт 1 мөнгө, 6 хүрэл медаль хүртээд байна.
-”Саппоро -1990” наадмаас гүйлтийн цанын буухиа төрлөөр хүрэл медаль,
-“Чанчүнь-2007” наадмаас уулын цанын төрлөөр Ү.Марал хүрэл медаль,
– 2011 онд Казахстанд болсон VII наадамд бөмбөгтэй хоккейчид мөнгөн медаль, цанын зүг чиг олох төрөлд дөрвөн хүрэл медалийг хүртжээ.


