
Өчигдөр буюу энэ сарын 29-ны өдөр Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийж, нэн даруй яаралтай арга хэмжээг авч эхлээд байгаа билээ.
Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал маш хүнд байгаа ба хордлого ихтэй Дүүргийн халдвартын тасагт эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.
Тухайн хүүхэд нь Налайх дүүргийн 307 дугаар цэцэрлэгт суралцаж байсан учир тус цэцэрлэгийг болоод нэг байранд үйл ажиллагаа явуулдаг 160 дугаар сургуулийг түр хаасан.
Мөн гэр бүлийн нэг гишүүн “Голомт” цогцолбор сургуулийн бага сургуульд суралцдаг байна. Уг сургууль нь тусдаа байранд үйл ажиллагаа явуулдаг учир зөвхөн бага сургуулийн танхимын үйл ажиллагааг түр зогсоож, цахим хэлбэрт тус тус шилжүүлээд байна.
Ойр орчмын сэжигтэй байх 6 тохиолдлоос шинжилгээ авахад үүсгэгч илрээгүй байна. Менингоккт өвчнийг манайхан цахилгаан менингит гэж нэрлэдэг учир нь цахилгаан цохих мэт хурдтай хүндэрдэг байна.
“Иргэд та бүхэн хувийн ариун цэврийг сахиж гараа угааж, маск зүүж, хүүхэд тань гэнэт өндөр халуурвал цэцэрлэг, сургуульд нь огт явуулахгүйгээр эмчид үзүүлэх хэрэгтэй. Менингококкын халдвар нь богино хугацаанд хурдан хүндэрдэг аюултай өвчин тул бага насны хүүхдүүдтэй эцэг эхчүүд халууны шилээ ойрхон байлгаж, өндөр халуурвал биед нь тууралт гарсан эсэхийг шалгаарай. Тууралт нь доод мөчдөөс эхэлж гардаг ба гэрэлд мэдрэг, ноомой болох шинж тэмдэг илэрдэг” хэмээн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг.
Ямар шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах вэ?
-Цочир 38-39 хэм ба түүнээс дээш өндөр халуурах
-Биеэр цусархаг тууралт гарах
-Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
-Олон удаа бөөлжих
-Хоолонд дургүй болох, ядарч сульдах
-Татах
-Биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох
-Нэг хүртэлх насны хүүхдэд зулай төмбийж чинэрэх
Менингококкт халдвараар бүх насныхан өвчлөх эрсдэлтэй ч 5 хүртэлх насныхан илүү өртөмтгий. Тиймээс бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь зүйтэй.