
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.
Төслийн явц 95 хувьтай, энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжтай уялдан ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн гэрээний хүрээнд барьж буй. Тус үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн уснаас хоногт 50 мянган метр.кубыг дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглана.
Улмаар жилд 14-18 сая метр.куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой бөгөөд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байхад онцгой ач холбогдолтой.
Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна.
Цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах чиглэлээр үргэлжлүүлэн төслүүд хэрэгжихийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо.
