
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарласан бөгөөд өнөөдөр тендерийг нээхэд гурван аж ахуйн нэгж үнийн санал ирүүлсэн байна.
Үнэлгээний хороо хуулийн хугацаанд буюу 15 хоногт үнэлгээгээ хийн, гүйцэтгэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна. Барилгыг буулгах ажлыг барилгын улирал эхлэх үед буюу дөрөвдүгээр сарын 01-нээс эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Барилгыг буулгасны дараа 207 дугаар байрыг шинээр барих ажлын худалдан авах ажиллагааг зарлах юм.
Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны хохирсон айл өрх, иргэдэд түрээсийн байрны төлбөр болон бусад зардалд нийслэлийн зүгээс 3.8 тэрбум төгрөг гаргаад байгаа бөгөөд цаашид уг барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулах хүртэлх хугацаанд тодорхой зардлыг гаргасан хэвээр байна гэдгийг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат хэлж байна.