
Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Mongolia House-д Монголын аялал жуулчлалын салбарын талаарх хэлэлцүүлэг боллоо.
Энэхүү хэлэлцүүлэгт #GoMongolia үндэсний брэндийг хөгжүүлэгч Эделмэн компанийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан бүтээлч захирал Тим Грийн, AirAsia авиа компанийн Дэд захирал Фарук Камал, Зимбабве улсын Залуучууд, спорт, урлагийн сайд Кирсти Ковентри нар оролцсон байна.
Mongolia House-д болсон энэхүү хэлэлцүүлгийн үеэр AirAsia авиа компанийн дэд захирал, #GoMongolia брэндийг сайшааж, Улаанбаатар хот руу шинэ нислэгийн чиглэл нээх боломжийн талаар судалж эхэлсэн гэдгийг дурджээ.
Ингэснээр Улаанбаатар-Бангкок, Улаанбаатар-Куала Лумпур чиглэлд шууд нислэгтэй болох боломж бүрдэх юм.
“Эделмэн” компанийн Ази, номхон далайн бүсийг хариуцсан захирал “Аялал жуулчлалын салбарт Монголчууд анх виз гэдэг зүйлийг танилцуулж дэлхийд жишиг болгож чадсан ард түмэн” гэж онцлоод “Та бүхэн Монголд очсоноор өмнө хэзээ ч харж байгаагүй тэр гайхалтай соёл, байгалийг харах боломжтой” гэлээ.
“Бидний тухайд бусад улсаас ялгарах үнэт зүйл бол нүүдлийн соёл, уламжлал, үзэсгэлэнт байгаль юм. Энэхүү үнэт зүйлсээ бид хадгалан хамгаалж, зөв стратегитайгаар урагшилж, тогтвортой аялал жуулчлалын салбарыг технологийн дэвшилтэй хослуулан хөгжүүлж чадвал 2030 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах боломжтой гэж үзэж байна” хэмээн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.


